МҮОНТ -ийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн 2017.03.21-ний өдрийн дугаараар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С.Зориг агсаныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой улсын нууцад хамааруулсан зарим баримтыг нууцын зэрэглэлээс ил гаргах зөвшөөрөл олгосон тухай мэдээлсэн. Улс нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хохироосон хэргийн үйлдэгчийг олж шийтгэх гэж 18 жилийг зарцуулсан. Гэтэл МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ТНТХ-ийн 21.4.”Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчиж ТЕГ-ын даргад төрийн нууцыг ил болгох тухай албан тоот хүргүүлжээ. Энэ талаар хуульчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэнийг хүргэж байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж огцрох заалтыг хангасан

Өмгөөлөгч Г.Батбаяр: Ц.Элбэгдорж нь Үндсэн Хуулийн 49.2. “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд....хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг удаа дараа зөрчиж байна. Тухайлбал 2015 онд татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял оноосон байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч ЭХ-ийн 77 дугаар зүйлийн уучлал үзүүлэх ангийн объектив шинжийг буруу тайлбарлан хэрэглэснээр МУ-д 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Саяны үйл явдал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МУ-ын Үндсэн хуулийн 47.1. “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэснийг бас л зөрчсөн байна. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн 35.2 “ Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж үндсэн хууль...зөрчвөл үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.” гэснээр огцрох үндэслэл бүрдсэн байна. Түүнд Эрүүгийн Хуулийн 87.1.”Төрийн нууцад хамаарах мэдээг....албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан бол..........таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн, мөн хуулийн 257.1 ”Эрүүгийн хэргийн мэдээ баримт задруулах” гэснээр ял оноож болно. Эрүүгийн хэргийн шүүхээс эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.1.”Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэснийг баримтлан шүүх хуралдааныг хаалттай явуулах шийдвэр гарсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад түүнийг үл тоон өөрт ашигтай заалтыг үндэслэн ЭБШХ-д хамааралгүй салбар хуулийн заалт баримтлан шийдвэр гаргасан нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг юм. Тиймээс Ерөнхийлөгчийг огцруулах нь зүйтэй юм. Ерөнхийлөгчийн үндэслэсэн Төрийн нууцын тухай хуулийн 21.4 “Үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс төрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын ерөнхий газрын даргын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч уул асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хуулийн хэм хэмжээ мөн гэж ойлгоод хууль буруу тайлбарлаад шийдвэр гаргасан нь буруу юм. Үндсэн хуулийн 50.1.4Улсын дээд шүүх ”..хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана” гэснийг зөрчин өөрийгөө хууль тайлбарлах эрхтэй субъект гэж ойлгож хадуурсан нь хортой үр дагаврыг үүсгэж байна.
Захиалагч нь тодорхой бус бол ердийн аллага. Ердийн аллага нууц байж болдоггүй юм
Хуульч, профессор Ж.Бямбаа: Нууцын асуудлыг дэлгэх тухай яриа ТЕГ-ын дарга Б.Хурцаар дамжина гэдэг бол миний хувьд их эргэлзээтэй асуудал. Б.Хурц нууцыг дамжуулдаггүй юм. Мөрдөлтийн асуудлыг зөвхөн прокурор мэддэг. Прокуророор дамжсан гэдэгт би баярлаж байгаа. Бас манай эрүүгийн байцаан шийтгэх хууль үйлчилж байгааг харуулсан жишгийн нэг. Ер нь шүүхийн хэлэлцүүлэгт тулгуурлаж шүүхийн эцсийн шийдвэр гаргадаг. Захиалагч огт тодорхойгүй байгаа тохиолдолд гарч байгаа ил аллага нууцын зэрэглэлд байгаа нь гайхшрал төрүүлж байна. Манай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 40 гаруй асуудал орсон байдаг. Хэрэв нууцын зэрэглэлтэй асуудал нууцаар шийдвэрлэгдэнэ гэх юм бол манай ЭБШХ нийтэд биш сонирхсон бүлэгт үйлчилсэн ийм эвгүй хэм хэмжээ байж болзошгүй. Шүүхийн шийдвэр нийтэд илэрхий байх ёстой. Шүүхийн шийдвэр шударга ёсонд тулгуурласан байх учраас бүх хүн ойлгож, бүх хүн түүнийг мэдэрч жирийн иргэн түүнийг хүлээн зөвшөөрөх түвшинд байх учиртай. Нууцын зэрэглэлийн хууль гэдгээр бүхнийг нуух боломжгүй. Тасдах шийдвэрээр тогтоох эсэхийг нийтэд зарлах ёстой. Ерөнхийлөгчийн санаачлага бол тодорхойлох хэсгийн нууцад холбоотой зүйлсийг задалж болох уу гэж асуудал тавьсан байж болзошгүй. Ахуйн чанартай асуудлыг төрийн нууцад дулдуйцсан бол энэ нь түүхэн хугацааны асуудлыг нуух гэсэн улс төрийн жүжиг байх магадлалтай. Хэн нэгэн хүний гавъяаг тодруулах гэсэн сэглэл байхыг үгүйсгэх аргагүй. Энд ямар нэгэн төрийн нууцын асуудал баймааргүй санагдах юм. Хэрэв захиалагч нь тодорхой бус бол ердийн аллага. Ердийн аллага нууц байж болдоггүй юм. Хэрэв захиалагчийн асуудал төрийн нууцтай холбоотой бол түүнийг тогтоох хэсэгт ямар нэгэн хэлбэрээр ердийн хүнд ойлгогдохоор буулгагдах ёстой. Хэрэв тийм зүйл байхгүй бол энэ улс төрийн жүжиг бөгөөд ямар нэгэн хүний туурвиж байгаа зохиол юм. Цагдаагийн газар банны өрөө харууллаа. Ямар ч хүн банны өрөө түгжиж чадна. Мөн зураг харууллаа. Ямар их адилхан зураг буулгасан юм бэ? Манайх тангарагтан байхгүй шуфены систем байхгүй. Зөвхөн төр шийдэж байгаа тохиолдолд чиглэл нь тодорхой. Хэрэв манайд тангарагтан байсан бол германы шуфены систем байсан бол энэ цэвэр нуралт. Манай систем уг нь гоё. Энэ бол асар их шударга хүнд таарсан систем. Тэр асар их шударга хүн хэзээ нэгэн цагт баригдана даа... баригдана. ЭБШХ-д заасан ёсоор прокурорын байгууллага түүнийг тайлбарлах үүрэгтэй. Шүүгдэгч тал бол зөвхөн маргаан дэгдээгчийн тохиолдлын үг, үсэг бүхий мэдээлэл. Гэхдээ шүүгдэгч тал гэдэг бол ердийн ухамсарын түвшингийн санаа. Прокурорын мэдээлэл гэдэг бол хууль зүйн үүднээс гарч буй түүнд тулгуурласан үндэслэл бүхий мэдээ юм.

Т.Сайхан
Сэтгэгдэл үлдээх