Нүүр хуудас Мэдээ SpaceX-ийн сансрын өмсгөл хэрхэн бүтсэн бэ?

SpaceX-ийн сансрын өмсгөл хэрхэн бүтсэн бэ?

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Ердийн нэг өмсгөл биш.

2020 оны тавдугаар сарын 30-ны өдөр SpaceX компанийн "Crew Dragon" хөлөг NASA-гийн сансрын нисгэгчид Роберт Бенкен болон Дуглас Херли нарыг Олон Улсын Сансрын Станц руу хөөргөн, хүн төрөлхтнийг сансарт нисгэсэн анхны хувийн компани боллоо. Эдгээр өдрүүдэд "Crew Dragon" хөлгийг тээсэн "Falcon 9" пуужин олны анхаарлыг ихээхэн татаж буйн зэрэгцээ сансрын нисгэгчдийн шинэлэг өмсгөл хэвлэлийнхний ярианы сэдэв болоод байгаа юм. Тэгвэл SpaceX компани хэдхэн цагийн өмнө "Crew Dragon" хөлөгт зориулсан өмсгөлийг танилцуулсан хоёр минутын бичлэгийг цацлаа.

SpaceX компанийн сансрын хөлөг ба тоног төхөөрөмжийн менежер Крис Тригийн дурдсанаар "Crew Dragon" хөлөгт зориулагдсан өмсгөл нь хэрэглэхэд амар ба суудалд суух төдийд хөлөгтэй холбогдон ажилладаг байна. Түүнчлэн энэ нь ердийн нэгэн өмсгөл биш харин тус хөлгийн нисгэгчдэд тусгайлан бүтээгдсэн болохыг тэрээр дурдсан юм.

Харин SpaceX компанийн үүсгэн байгуулагч Элон Маск өмсгөлийг бүтээхэд 3-4 жилийн хугацаа зарцуулсан гэдгийг өнгөрөгч долоон хоногт зохион байгуулагдсан хэвлэлийн хурлын үеэр дурдсан ба тэрээр өмсгөл хөгжүүлэлтэд гар биечлэн оролцжээ. The New York Times сэтгүүлийн мэдээллэж буйгаар өмсгөлийн дизайн дээр Элон Маскаас гадна "Batman v Superman", "The Fantastic Four", "The Avengers", "X-Men II" зэрэг супер баатруудтай кинонуудын хувцасны загварыг зохион бүтээсэн Хосе Фернандес ажилласан байна.

"Элон Маск сансрын нисгэгчдэд зориулсан өмсгөлийг тансаг зэрэглэлийн хослол мэт маш онцгой харагдуулахыг хүссэн. Уран сайхны кино дээрх сансрын өмсгөлүүд нь гайхалтай хийцтэй харагддаг ч бодит амьдрал дээр тийм өмсгөлийг сансарт нисэхдээ өмсөнө гэдэг тохиромжгүй. Харин сансарт нисэхэд зориулагдсан өмсгөл нь тийм ч сайхан харагддаггүй. Гэхдээ Элон Маск хүүхдүүдэд сансрын нисгэгч болох урам зориг, сэдлийг өгөх өмсгөлийг зохион бүтээхийг хүссэн" хэмээн дизайнер Хосе Фернандес Bleep сэтгүүлд ярьжээ.

Тэгвэл Элон Маск болон SpaceX-ийн мэргэжилтнүүдийн ачаар тэрхүү төсөөлөл биеллээ олж, футуристик киноны гол дүр мэт харагдах өмсгөлтэй сансрын нисгэгчид сансрын аялалдаа гарсан юм. Өмсгөлийн дуулгыг 3 хэмжээст хэвлэх технологийг ашиглан бүтээсэн ба нүүрний хаалтыг нээх, түгжих механизм, микрофон зэргийг багтаасан байна. Харин бээлийнд "Crew Dragon" хөлгийг удирдахад зориулагдсан мэдрэгчтэй дэлгэц суурилуулж өгчээ.

Сонирхуулахад, уг өмсгөл өмнө нь хоёр ч удаа туршилтаар сансарт ниссэн байгаа. Тодруулбал Роберт Бенкен болон Дуглас Херли нараас өмнө, 2018 онд, Falcon Heavy пуужингаар сансарт хөөргөсөн Tesla Roadster машин дотор уг өмсгөлийг өмссөн манекенийг байршуулж байсан ба үүний дараа, 2019 онд, туршилтын "Crew Dragon" хөлөгт мөн уг өмсгөлийг өмссөн Рипли хэмээх өөр нэгэн манекенийг байршуулж байжээ.

Дашрамд дурдахад, Бямба гарагт Флоридагаас хөөрсөн SpaceX компанийн сансрын хөлөг 19 цагийн дараа тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад амжилттай залгагдсан юм.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү