Өнгөрсөн 40 жилийн хугацаанд агаарын бохирдлын улмаас 135 сая хүн цаг бусаар нас барсан болох нь өнгөрсөн зургаадугаар сард нийтэлсэн судалгаагаар тодорхой болсон. Агаарын чанар муудах тусам бохирдуулагч бодисууд уушгинд нэвтэрч, харшлын ринит, хамар цочроох, байнгын толгой өвдөх, түүнчлэн дерматит, экзем зэрэг арьсны өвчнийг үүсгэдэг. Агаарын бохирдолд удаан хугацаагаар өртөх нь ихэвчлэн астма, уушигны өвчин, онцгой тохиолдолд уушигны хорт хавдар үүсгэдэг. CMRI эмнэлгийн уушигны эмч Аруп Халдер “Business Standard”-д “0.1 микроноос бага диаметртэй хэт нарийн ширхэгтэй тоосонцор уушигнаас цусанд нэвтэрч, ялангуяа өвлийн улиралд цусны даралт ихсэх, зүрхний шигдээс үүсгэх зэргээр зүрхийг гэмтээдэг” гэв.
Мөн тоосонцор нь тархинд нэвтэрч, толгой өвдөх, , хүүхдийн мэдрэлийн хөгжлийг алдагдуулах, бөөр, тэр ч байтугай нөхөн үржихүйн эрхтэнд нөлөөлдөг байна. Бохир агаар нь ихэсийг гэмтээж, ургийн өсөлт хөгжилтийг саатуулж, улмаар хүүхэд насанд хүрсэн хойно нь өвчинд өртөмтгий болгодог тул жирэмсэн эмэгтэйчүүд илүү эрсдэлтэй байдаг.
2022 онд “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 2015 онд дэлхийн 137 оронд бүртгэгдсэн хоёр сая амьгүй төрөлтийн 40 гаруй хувь PM2.5-ээс үүдэлтэй болохыг тогтоожээ. 2021 онд хэвлэгдсэн өөр нэг судалгаагаар Дели хотын хүүхдүүдийн 30 орчим хувь нь астма өвчнөөр өвчилсөн байна. Харьцангуй бохирдол багатай мужуудын хүүхдүүдтэй харьцуулахад Энэтхэгийн нийслэлд хүүхдүүд астма өвчнөөр өвчилсөн тохиолдол өндөр төдийгүй, экзем, ханиалгах, амьсгал давчдах, цээж хорсох зэрэг өвчин түгээмэл байдаг аж.