"Адидас" "Найки" брэндүүдийн шүүх хурал эхэллээ

Дэлхийн томоохон спорт бараа үйлдвэрлэгчид болох  “Адидас”, “Найки” компаниудын хооронд үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал Германд эхэлсэн тухай “Цайт” сонинд мэдээлжээ. 

Маргаан үүсэх шалтгаан нь “Адидас” компанийн худалдааны тэмдэг болох гурван зэрэгцээ зураас юм.  2022 онд “Найки” компани  хоёр, гурван зураастай хэд хэдэн өмд гаргасан нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэн “Адидас” компани Америкийн брэндийг шүүхэд өгчээ. Мөн оны есдүгээр сард Дюссельдорф хот дахь мужийн шүүх “Найки” брэндийн өмдний таван загварыг Германд худалдахыг хориглох шийдвэр гаргасан байна. 

Америкийн компани давж заалдах гомдол гаргасан боловч 2023 оны есдүгээр сард шүүх шийдвэрээ хэвээр үлдээсэн тул “Найки” дахин давж заалдсан байна. Одоо шүүх шийдвэрээ дахин гаргах ёстой. Зураастай загвар бол "маш түгээмэл, энгийн" байдаг тул “Адидас” компанийн зураастай холбоотой гаргаж тавьсан баримтууд нь хэт нэг талыг барьсан гэж “Найки” компани үзэж байгаа ажээ. Түүнчлэн бусад үйлдвэрлэгчид хажуу талдаа судалтай өмд үйлдвэрлэдэг болохыг дурджээ. Ийм учраас зураас ашигласан загварууд нь тухайн бүтээгдэхүүн тодорхой нэг брэндэд хамаарч буйг илтгэхгүй гэж үзэж байгаа аж