Бээжингийн CCTV агентлагийн энэ долоо хоногт мэдээлснээр Хятадын эрдэмтэд нарны эрчим хүчнээс 99.5 хувийн метанол бүхий шингэн түлш амжилттай гарган авчээ.
Дэлхийд нарны эрчим хүчийг шингэн түлш болгон хувиргах туршилт өмнө нь хийгдэж байгаагүй бөгөөд хамгийн анхны энэ төрлийн туршилтыг хятад эрдэмтэд өнгөрсөн оны нэгдүгээр сард анх удаа хийсэн нь амжилттай болсон аж.
Эрдэмтдийн хэрэгжүүлж буй төсөл бүрэн чадлаараа хэрэгжвэл жилд 2000 тонн CO2 хий зарцуулан нарнаас 15 сая кв эрчим хүч гарган авч, 1500 тонн орчим метанол үйлдвэрлэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.
БНХАУ жилд нийт 80 сая тонн метанол боловсруулах хүчин чадалтай юм. Түүнчлэн 2019 оны байдлаар дэлхийн нийт CO2 хийн 29 хувийг Хятад ялгаруулсан байдаг. Тэгвэл нарны эрчим хүчийг дээрх байдлаар ашиглан метанол гарган авч эхэлбэл Хятадын ялгаруулах CO2 хийн хэмжээ хэдэн зуун саяар үлэмж буурах боломжтой юм.
Нарны эрчим хүчийг шингэн түлш болгон хувиргах “Шингэн түлш гарган авах хиймэл фотосинтез” судалгааны ажил анх 2001 онд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд гэрлийг эрчим хүч болгон хувиргаж, дараа нь устөрөгч гарган авахын тулд усыг цахилгаанжуулан туршиж байв. Түүний дараа эрдэмтэд нүүрстөрөгчийн давхар ислийг устөрөгчжүүлэх замаар метанол гарган авах туршилт хийж байжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор усыг цахилгаанжуулах замаар гарган авсан устөрөгчийн тонн бүр нь 33000кв.ц эрчим хүч хуримтлуулсантай тэнцэх аж. Ийнхүү цахилгаан энергийг химийн энерги болгон хувиргах нь химийн энергийг хадгалах хамгийн үр дүнтэй урвал юм.
Хэрвээ ийн гаргаж авсан шингэн түлшийг нүүрсний оронд ашиглаж эхэлбэл агаар бохирдуулагч гол хүчин зүйлүүд болох PM2.5 тоосонцорын хэмжээ 80 гаруй хувиар, азотын исэл 90 гаруй хувиар буурах боломжтой юм.
Сэтгэгдэл үлдээх