"Токио-2020" наадмын зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварласан үг хэлснийхээ төлөө огцороод удаагүй байгаа билээ. Тэрбээр нэгэн хурлын үеэр эмэгтэйчүүд хэт их ярьдаг учир ажил явуулахад саад болдог хэмээн ярьсан юм. Харин түүний оронд Японы цөөн эмэгтэй улс төрчдийн нэг Сэйко Хашимото томилогдсон бөгөөд "Токио-2020" наадмын зохион байгуулах хороонд эмэгтэйчүүдийг олноор оролцуулахыг хичээн ажиллаж байгаа билээ.
Тэгвэл Ёширо Мори өчигдөр /2021.03.26/ Токио хотод болсон нэгэн хүлээн авалтад оролцохдоо дахин эмэгтэй хүнийг доромжилсон агуулгатай үг хэлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна. Энэ удаа тэр эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогч Такео Кавамурагийн туслах эмэгтэйг доромжилсон үг хэлжээ.
“Намайг Кавамурагийн өрөөнд ороход нэг настай эмэгтэй байсан. Эмэгтэй хүн гэж хэлэхэд хэтэрхий хөгшдөхөөр хүн байсан” гэж Мори ярьсан нь дуулиан тариад байна.
Япон улсад сүүлийн үед эмэгтэйчүүдийг хэтэрхий дорд үзэж буй асуудал нийгмийг бухимдуулж, эмэгтэйчүүдийг доромжилсон, үл хүндэтгэсэн хандлага гаргасан албан тушаалтнууд ээлж дараалан огцрох болсон юм. Ёширо Моригийн дараа олимпийн наадмын нээлт, хаалтын ерөнхий найруулагч Хироши Сасаки мөн хошин урлагийн алдартай эмэгтэй жүжигчинд гахайны өмсгөл өмсүүлнэ гэж хэлснийхээ төлөө огцорсон билээ.
Сэтгэгдэл үлдээх