Тэдний хайрын түүх: Choi Tae Joon ба Park Shin Hye

Өмнөд Солонгосын алдартай хосуудын хайрын түүхийг хүргэж буй цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт жүжигчин Choi Tae Joon болон Park Shin Hye нарыг онцолж байна. Тэд 2021 оны арваннэгдүгээр сарын 23-нд хуримын зар болон хөл хүнд болсон талаараа олон нийтэд хуваалцсан билээ. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 22-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж алдартан хосуудын тоог нэгээр нэмсэн юм. Ингээд тэдний хайрын түүхтэй танилцъя.

Тэд хоёул Chung Ang их сургуулийн театр урлагийн тэнхимд суралцсан бөгөөд кино урлагийн салбарт хүчин зүтгэж буй ижил сургуулийн төгсөгчид гэдэг утгаараа анх найзууд болцгоосон гэдэг. Түүнчлэн тэд хоёулаа жүжигчний карьераа бага наснаасаа эхлүүлсэн бөгөөд Park Shin Hye-гийн хувьд 13 насандаа “Stairway to Heaven” (2003), Choi Tae Joon-ий тухайд 10 настайдаа “Piano” (2001) цувралд дүр бүтээжээ. 

Тэдний гол дүр бүтээсэн алдартай цувралуудаас дурдахад “You Are Beautiful” (2009), “The Heirs” (2013), “Doctors” (2016), “Missing 9” (2017), “Suspicious Partner” (2017) зэрэг бүтээлийг нэрлэж болох юм. 

ХУРИМЫН ЗАР БА ХӨЛ ХҮНД БОЛСОН МЭДЭЭ

2021 оны тавдугаар сард Choi Tae Joon албан ёсоор цэргээс халагдан тэдний хувьд харилцаагаа ийнхүү дөрвөн жилийн дараа өөр түвшинд гаргах болсон талаараа мэдэгдсэн юм. Тодруулбал, өнгөрөгч оны арваннэгдүгээр сард 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хуримлах гэж байгаа тухай мэдээллийг олон нийтэд дэлгэсний сацуу хөл хүнд болсон талаараа ч дуулгаад амжив. 

Park Shin Hye өөрийн захидалдаа: 

- "Сайн байцгаана уу, Park Shin Hye байна.
Саяхан анхны агентлагтайгаа 20 жилийн өмнө байгуулсан гэрээгээ олж харлаа. Тухайн үед дөнгөж зургадугаар ангийн сурагч байсан бөгөөд хоёр жилийн дараа гэхэд жүжигчний карьераа эхлүүлж байв. Үүнээс хойш бүхэл бүтэн 18 жил өнгөрчээ. Цаг хугацаа ч үнэхээр харвасан сум шиг өнгөрөх юм.
Энэ бүх хугацаанд намайг хайрлаж, урам өгч байсан хүмүүсийн тусламжтайгаар би олон төрлийн төсөл, ажлуудад оролцож, өөрийгөө олон талаас нь харуулсан билээ. 
Камерын дурангийн өмнө аз жаргалтай байсан цаг хугацаа олон хэдий ч амаргүй үе ч мөн байсан. Энэ үед шүтэн бишрэгчид минь надад хүч чадал, урам хайрлаж байсан билээ. “Хүчтэй байгаарай” гэж хэлсэн хоёрхон үг чинь л надад их дэм болж байсан юм шүү.
Тиймдээ ч одоо та бүхэнд ийм мэдээ дуулгана гэхээс сандарч байна. Гэсэн хэдий ч та бүхнийг энэ мэдээг хамгийн түрүүнд сонсоосой гэж хүслээ.
Би тун удахгүй гэрлэж гэж байгаа. Тэр хүн урт удаан хугацааны турш миний түшиг тулгуур болж, миний хамгийн сул дорой зан чанарыг ч тэвчиж, хүлээн зөвшөөрсөн нэгэн. Тиймээс бид хуримаа хийхээр төлөвлөж байна.
Үүнээс гадна энэ мэдээг дуулгахад хэтэрхий эрт байж болох ч бид гэр бүлдээ нэгэн шинэ гишүүнийг хүлээн авахаар бэлдэж байна. Би хүний эхнэр, хүүхдийн ээж болсон ч та бүхэнд өөрийнхөө хамгийн сайн сайхан талыг харуулахаар хичээх болно. 
Эцэст нь, алдаа дутагдалтай хэдий ч намайг хайрлаж дэмжсээр ирсэн та бүхэндээ баярлалаа. Хэдийгээр ойрын хэдэн жилдээ биш ч аль болох хурдан хугацаанд жүжигчний хувиар эргэн ирэх болно. 
Тэр хүртэл эрүүл энх сууцгааж байгаарай"
 гэж бичжээ.