ОХУ, Украины хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй БНХАУ-ын зорилго супер гүрэн гэдгээ харуулах

    Хятад улс түрэмгийлэл эхэлснээс хойш Орос, Украины хоорондох дайныг зогсоох энх тайвны зуучлагчийн байр сууриа илэрхийлэхийг эрмэлзэж байгаа юм.  Гэвч Бээжин Украины эсрэг үргэлжилж буй зэвсэгт түрэмгийллийг буруутгаж, шүүмжлэхээс татгалзаж, Оростой илт ойрхон хэвээр байна. Энэ нь барууны эсрэг байр суурьтай Москватай үзэл суртлын хувьд нийцэж байгаа бөгөөд хоёулаа илүү "олон туйлт ертөнцийг" харах хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэд хэдэн удаа утсаар ярьж, гуравдугаар сард Москвад айлчилсан ч БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан. Утсаар ярих үедээ  Ши Жиньпин Украинд тусгай төлөөлөгчдөө илгээж, гал зогсоох, энхийн замаар шийдвэрлэх асуудлаар бүх талуудтай хэлэлцээ хийнэ гэж мэдэгдсан. Энэ долоо хоногт Хятадын Евразийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ли Хуй Украин, Орос болон Европын бусад хэд хэдэн оронд айлчилж, "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах" асуудлаар хэлэлцээ хийх гэж байгаатай холбогдуулан энхийн хэлэлцээрт зуучлах оролдлого нь эрчимжиж буй талаар Хятадын ГХЯ мэдээлсэн. Улс төр судлаачид болон Хятадын ажиглагчид эцсийн дүндээ Бээжингийн хувьд  дайнд хэн ялах эсвэл энхийн хэлэлцээр ямар хэлбэрээр явагдах нь огт хамаагүй гэдгийг тэмдэглэж байна. Бээжинд хамгийн чухал нь Орос, Украиныг хэлэлцээрийн ширээний ард суулгаж, дайныг зогсооход зуучлах олон улсын түнш болох нь чухал аж.

Хятадын гол анхаарал

Брукингсийн хүрээлэнгийн Хятадын шинжээч, өмнө нь Обамагийн засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ази хариуцсан ахлах байсан Райан Хасс CNBC-д  өгсөн ярилцлагадаа “Бээжин Европын аюулгүй байдлын ирээдүйн архитектурын хэлбэрийг тодорхойлоход дуу хоолойгоо хүргэхийг хүсэж байна” гэжээ. Нью-Йоркийн Олбанигийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Ченг Чен “Хятад улс өөрийгөө супер гүрэн хэмээн байр сууриа улам бүр нэмэгдүүлж байгаа энэ үед, ялангуяа Иран, Саудын Арабын хооронд зуучлах ажилд амжилт гаргасны дараа дэлхийн зуучлагчийн хувьд дипломат хүчээ харуулах  хүсэл эрмэлзэлтэй байна. Хятад Оросын нүүр царайг аврах гэрээ хэлэлцээрт зуучилж чадвал Оросыг өөрийн талд улам бат зогсоох боломжтой” гэжээ.

Хятад үүнийг хийж чадах уу?

Хятад улс зуучлах санал тавьсан  анхны улс биш юм.  Турк улс мөн дайтаж буй талуудын хооронд зуучлагч болж, үр тарианы экспортын амин чухал хэлэлцээрт зуучлахад тусалж, дайны эхэн үед яриа хэлэлцээ хийхийг оролдсон. Гэвч энэ нь төдийлөн үр дүнд хүрээгүй. Хятадад Орос, Украин хоёрыг хэлэлцээрийн ширээнд суулгахад шаардагдах дипломат ур чадвар байгаа эсэх нь тодорхойгүй байна. Европын Гадаад харилцааны зөвлөлийн бодлогын зөвлөх Аличья Бачульска мягмар гарагт CNBC-д хэлэхдээ, "Хятад, Орос, Хятад, Украины харилцаанд асар их тэгш бус байдал бий. Ши Жиньпин Зеленскийтэй утсаар ярихад 14 сар зарцуулсан бол Хятадын дээд удирдлага  энэ хугацаанд Оросын удирдлагатай 20 гаруй удаа харилцаа тогтоосон” гэжээ.