Манай улсад хүүхэдтэйгээ хамт хүүхдийн мөнгө авдаг өсвөр насны 5000 орчим охид бий. Жилд дунджаар 3,500 орчим өсвөр насны охид төрдөг боловч тэдний 74 хувь нь ганц бие ээж болдог. Өсвөр насны ээжүүдийн 5-7 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Монгол улс нь Ази, Номхон далайн бүсдээ өсвөр насны ээжүүдээрээ тэргүүлдэг юм. Тиймээс охидын эрхийг хамгаалахаар ЕБС-иудад “ОХИДЫН ҮЗЛЭГ” хийж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх чиглэлээр ажиллаж ирсэн ч хэрэгжүүлэх арга зам нь буруу, хүний эрхийн ноцтой зөрчил байсан гэж НҮБ-аас тогтоож, зогсоосон байдаг.
2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч бүртгэгджээ. Ийнхүү сүүлийн тавхан жилийн хугацаанд 1,400 гаруй хүүхэд аймшигт хэргийн хохирогч болсон аж.
Охидын үзлэгийг эрүүл мэндийн байгууллага, цагдаагийн байгууллага, сургуулийн орчины алинд нь хийх нь зөв бэ?
ЕБС-д сурдаг олон мянган охид энэ үзлэгийг дамжиж өнгөрдөг. Айх, гайхах, ичих мэдрэмжийг мэдрээгүй өнгөрсөн охид байдаггүй гэхээр. Үзлэгт орсон зарим охидын хувийн мэдээлэл задарч, сэтгэлзүйд нь хүчтэй нөлөөлж амиа хорлох эрсдэл болон сэтгэлзүйн доголдол үүссэн тухай олон жишээг энэ чиглэлээр ажилладаг байгууллагууд ам уралдан ярьдаг. Тэгвэл охидын үзлэг цаашид байх ёстой зүйл үү? Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын дийлэнх нь ураг төрлийн холбоотон, төрсөн болон хойд эцэг, ах, авга, нагац, тэдгээрийн найз нөхөд байдаг. Тиймээс гэмт хэрэг илрэхгүй үлдэх тохиолдол их байдгийг хэрхэн илрүүлэх вэ? Эдгээр асуудлын талаар бид мэргэжлийн хүмүүстэй ярилцлаа.
“Хөөрхөн зүрх” ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Оюундарь: Охидод урьдчилан сэргийлэх үзлэг хэрэггүй гэсэн үг биш
Сургуулийн орчинд охидын үзлэг хийдэг учир нь хүчирхийллийн хохирогч болох, эрт бэлгийн харилцаанд орж хэн нэгний эрхшээлд өртөх, бэлгийн замын хүчирхийлэлд өртөх, хүсээгүй жирэмслэлт гэсэн эрсдэлүүдээс сэргийлэх зорилготой хамгаалах арга юм. Гэвч үүнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүчирхийллийн нэг хэлбэр, хүний эрхийн зөрчил гэж үзээд байгаа. Энэ хүний хувийн орон зайд халдаж байна гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс, Боловсролын яам хүлээн зөвшөөрөөд 2021 оны тавдугаар сард үндэсний хэмжээнд ЕБС-ийн орчинд зохион байгуулж байгаа охидын үзлэг бол хүний эрхийн зөрчил байсан гэдгийг боловсролын яамнаас хүлээн зөвшөөрч, зохион байгуулахгүй байх чиглэлийг гаргасан.
ЦЕГ-аас охидыг үзлэгт хамруулснаараа үүний ард байгаа хүчирхийлэл, далд хэлбэрийг илрүүлэх арга мөн гэж үздэг. Гэвч энэ арга хүчирхийлэгчээс ялгаагүйгээр хүч хэрэглэж байгаа үйлдэл. Ийм аргаар авраад байгаа юм уу сэтгэцийн гэмтэл учруулаад байгаа юм уу гэдгийг мэдэхгүй. Логикийн хувьд авцалдаагүй.
Охидод урьдчилан сэргийлэх үзлэг хэрэггүй гэсэн үг биш. Харин эсрэгээрээ хувийн эмнэлэг, өсвөр үеийн комбинатийн төвд үзлэгт орж, өөрийнхөө шилжилтийн насанд бий болж байгаа өөрчлөлтүүд, сарын тэмдэгээс үүдэлтэй өрөвсөлт, өөрчлөлт зовиурыг мэргэжлийн газар, эмч мэргэжилтэнд аюулгүй орчинд, сайн дураараа, насанд хүрээгүй бол эцэг эхийн зөвшөөрөлтэй очиж үзүүлдэг байх мэдлэг боловсрол, соёлыг түгээх хэрэгтэй.
Сургуулийн орчинд үүсдэг охидын эрхийн зөрчил маш их. Үүний нэг жишээ нь охидын үзлэг сургуулийн орчин дахь хүчирхийллийг иргэний нийгмийн байгууллагууд болон охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг “Гүнж” ТББ, “Хөөрхөн зүрх” ТТБ нар хамтран таслан зогсоосон.
Хэн нэгэн байнга өөрийнх нь өмнөөс үйлдэл хийж өгч байх ёстой юм шиг эцэг эхийн хамгаалах арга нь хүүхэд өөрөө өөртөө итгэлтэй байх үзэл санааны эсрэг зүйл болж байна. Бид залуу үеэ бие даасан иргэн болгож төлөвшүүлэх үүрэгтэй. Гэвч боловсролын яам үүний эсрэг ажиллаад байна. Боловсролын системээрээ дамжуулаад бэлгийн боловсролын мэдлэг мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй, статистик тоон үзүүлэлтэйгээр урьдчилсан байдлаар мэдлэг өгөх нь зүйтэй гэсэн агуулгыг манай иргэний нийгмийн байгууллагууд өгдөг. Бид холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хариу хүлээж байна.
Жендерт суурилсан хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн 90-95 хувь нь охид байдаг. Энэ тоог бууруулахын тулд охидоо хамгаалах бодлого хэрэгждэг. Энэхүү бодлого үр дүнгүй гэдгийг хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд 100% хүлээн зөвшөөрдөг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ нийгэмтэй харилцдаг бүхий л харилцааг хянах боломжгүй. Хамгаалахаасаа илүүтэй хүчирхэгжүүлэх, бие даалгах, эрх мэдэлжүүлэх зарчимыг сүүлийн жилүүдэд баримталж ажиллаж байна.
Сэтгэл зүйч Ж.Үйлст: Охидын үзлэг нь сургуулийн орчинд гадуурхлыг үүсгэдэг
Манай улсад ихэнхидээ мэдээллийн нууц хадгалагдах тухай ойлголт хомс учраас охидын үзлэг хийх дэмий зүйл. Арван жилийн өмнө намайг ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхад энэ үзлэг хийгддэг байсан. Бид охидуудаараа үзлэгт орсны дараа манай ангийн нэг охин бэлгийн харилцаанд орсон нь ил болж, ангийн зарим хүүхдүүд тэр хүүхдийг хэн болохыг нь таамаглах төдий байсан ч сургуулиа төгстөл нь гадуурхсан.
Тийм учраас эцэг эхийн зөвшөөрлөөр охидын үзлэгт хамруулдаг байх нь хамгийн зөв юм. ЕБС-д үзлэг явуулна гэдэг нь хамгийн дэмий зүйл. Сургуулиудад үзлэг зохион байгуулж байгаа эмч нар маань улсын эмнэлгээс томилогдож очдог охидын эмч биш, ихэвчлэн эмэгтэйчүүдийн эмч нар байдаг. Тэдгээр эмч нар чинь харилцаа хандлагын хувьд тухайн хүүхэдтэй яаж харилцах талаар тийм сайн мэддэггүй. Ихэвчлэн төрөх насны эмэгтэйчүүдтэй ихэвчлэн харицаж үзлэг хийдэг учраас хүүхдийн сэтгэхүйд тохирсон харилцаа хийж чаддаггүй. Тиймээс охидын эмч гэсэн дагнасан эмч нарыг бэлтгэж, сургуулиудад ажиллуулж байх шаардлагатай гэж боддог.
Эрүүгийн хуулийн шинэчилэн баталсан найруулгаар 12.5 дугаар зүйлд: Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэсэн байдаг.
Энэ бол хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалахад ухралт хийсэн хуулийн зохицуулалт юм. 14-18 настай хүүхэд гэдэг эрх зүйн бүрэн чадамжгүй. Тиймээс хүүхдийн эрхийг зөрчсөн энэ заалтыг өөрчлөхийг хүчирхийллийн эсрэг ажилладаг олон зуун иргэний нийгмийн байгууллага, хуульчид хэлдэг ч өнөөг хүртэл нэг ч алхам хийгдээгүй, уг хуулийн асуудлыг хөндсөн нэр бүхий хүмүүсийг Хуульзүйн сайд Х.Нямбаатар цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаа дүр зураг Монголд бий.
Сэтгэгдэл үлдээх