Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцож үг хэллээ.

Түүний үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхий сайд,

“Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Ойн салбарын үндэсний чуулган”-д оролцогч Та бүхэнд энэ өглөөний мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Төрийн тэргүүн “Тэрбумаар тоологдох мод ургуулах” санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын индрээс тунхаглан зарласан нь зөвхөн эх орныхоо цөлжилт, газрын доройтол, ой мод, ойн сан, усны эх үүсвэр, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах төдийгүй уур амьсгалын нөлөөллийг бууруулж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний үйлсэд Монголчууд та бидний оруулж хувь нэмэр, чухал үйлсийн тод илэрхийлэл юм аа.

Дэлхийн дулаарлаас үүдэн Хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин эрс нэмэгдэж, хот суурин газрууд усанд автаж байна. Дэлхийн дулаарлаас улбаалж, эх дэлхийн өнцөг булан бүрт түймэр гарч, цөлжилт эрчимжиж, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж нэмэгдсээр байна. Дэлхийн цаг уурын дулаарал аж үйлдвэр эрчимжсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дунджаар 1.0 хэмээр нэмэгдсэн бөгөөд хоёроос дээш хэм дулаарвал бид эх дэлхийгээ эмчлэхэд дэндүү оройтох болно гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгамдсан хамгийн ноцтой асуудал болоод байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганаар батлагдсан Тогтвортой хөгжилд хүрэх 17 зорилгын нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах билээ.

Монгол Улсын хувьд ч уур амьсгалын өөрчлөлтөд нэн их өртөж байгаа улс орнуудын нэг юм аа. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилт, хөрсний доройтолд өртсөн байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар нийт бэлчээрийн 90 хувь нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд ой мод ашиглах зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин ихийг хууль бусаар хэрэглэжээ.

Ганцхан жишээ дурдахад, манай улсад олон зуун гол горхи, булаг шанд ширгэж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг аюулын харанга дэлдсэн үзүүлэлт жилээс жилд урагшлах, улмаар хүн, мал дайжин эзэнгүйдэх газар нутгийн хэмжээ нэмэгдэх эрсдэл үүсч байгаа нь бодит үнэн юм.

Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол ойг нөхөн сэргээх, ойжуулалтын үр дүн, чанарыг сайжруулэх эрх зүйн орчин бүрдүүлэх, ойн шавжтай тэмцэх, түймрээс сэргийлэх, ойн хомсдол, доройтлыг бууруулах, арчилгаа, цэвэрлэгээг эрчимжүүлэх, элсний нүүдлээс хамгаалах зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу үйлдлийн үндсэн бөгөөд цогц шийдлүүдийн нэг билээ.

Миний бие Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ажил хэрэг болгож, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Ногоон хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, эх дэлхийнхээ насыг уртасгах хүн төрөлхтний их үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө өөрөөс шалтгаалах бүхнийг зориулан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Монгол Улсын Засгийн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хариуцан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах Ойн судалгаа, хөгжлийн агентлагийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Ойжуулалтын энэхүү зөвлөгөөний үндсэн зорилго бол Та бидний цаашид хамтран зохион байгуулах, богино, дунд хугацааны үйл ажиллагааны төлөвлөгөө гэж үзэж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, 600 гаруй сая мод тарьж, арчлахаа илэрхийлсэн эрхэм баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэндээ гүн талархал илэрхийлье!

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааныг аймаг, нийслэлийн Засаг дарга нартай өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, Засгийн газрын түвшинд холбогдох шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах болно.

Мөн Аймаг, нийслэлийн засаг дарга нарын ажлыг дүгнэх Засгийн газрын холбогдох журамд мод тарих, арчлах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэлэг технологи нэвтрүүлэх, энэ чиглэлд иргэд, аж ахуйн нэгжийн санаачилгыг дэмжих зэрэг чанарын үзүүлэлтүүдийг энэ хурлаар шийдвэрлэнэ.

Цаашид Монгол Улсын Засгийн газар хөгжлийн стратеги зорилго, үйл ажиллагаандаа ногоон шийдлүүдийг эрхэмлэсэн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэхийн төлөө улс төрийн манлайлал үзүүлж ажиллах болно.

Үндэсний чуулганд оролцогч Та бүхэн “Тэрбум мод” хөдөлгөөнийг зохион байгуулах арга хэлбэр, хэрэгжүүлэх арга зам, стратеги, үйл ажиллагаа, техник, технологийн талаар мэргэжлийн түвшинд хэлэлцэж, зөвлөмж гаргана гэдэгт итгэл төгс байна.

Ойчид, ойн салбарын ажилтан, эрдэмтэд, судлаачид Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх, судалгааны үр дүн, инноваци, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас онцгойлон дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлж байна.

Та бидний өмнө ноцтой тулгамдаж, ирээдүйн амьдрал, хөгжлийг хязгаарлаж буй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хүн бүр манлайлан оролцохыг нийт ард иргэддээ Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wbnfnq

order atorvastatin 80mg pill <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg online</a> oral atorvastatin