Монгол Улсын 11 аймгийн 30 сум цагаан зудтай байна. Өвөлжилт хүндэрч, 1000 малтай малчин хотондоо 100 хүрэх үгүйтэй үлдэж, малчид осгож, өлдөж үхсэн малаа овоолчихоод сууж байхад улстөрчид нь хөдөөгүүр тусламж хандив хүргэх нэрийдлээр өөрсдийгөө рекламдаж, хоёр шуудай өвс хүргэчихээд зургаа татуулан зуд, гамшгийг улстөрд ашиглаж эхэлсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Албан тушаалтнууд энд тэндгүй хадаг яндар барин автомашин бэлэглэж, мишээж зогсоог харахад зудад нэрвэгдсэн айл өрхөд тусламжаар очив уу, улс төрийн сурталчилгаа юу гэдэгт эргэлзэхэд хүрчээ.
Ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгууль болно. Мал, малчинтай зэрэгцэн улс төрийн зуд орон нутагт нүүрлэж, нэр дэвших эрхээ авахаар санаархсан горилогчид болон УИХ-ын гишүүд орон нутаг руу зүтгэж байна. Нэг хэсэг нь Засгийн газрын нэрээр нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээр, аль аль ч үгүй хүмүүс нутгийн зөвлөлөөр дамжуулан танигдах гэж үйлээ үзэж байна.
Аймаг сум алгасан давхиж, сум багийн хотонд хүрч ажиллаж байгаа нь олзуурхууштай ч хоёр гуравхан боодол тэжээл хүргэж өгөхийн тулд 20 гаруй хүн бөөн зардал чирэгдэл болон явах юм. Сонгууль болдгоороо болно. Малчид саналаа өгдгөөрөө өгнө. Зудын хүнд бэрх цагт толгой өндийх завгүй зүтгэж яваа тэдэнд улс төрчдийг таниад, саналаа өгнө гэх амлалт өгөх хүн мэдээж гарахгүй. Ер нь бол зуданд нохой зоолдог бол сонгуулийн жилийн зуданд улс төрчид л жаалж явна. Тиймээс 1000 малаа байгалийн гамшигт тавиад туучихсан дотор нь харлаж суугаа малчныд бөөнөөрөө ороод зовлонг нь хагас хугасхан сонсож, өөрийнхөө сурталчилгааг хийж явахаасаа манай улстөрчид ичээсэй. Ичих нүүрээ элгэндээ наасан улстөрчид аймаг, сумдаар хөлхөлдөн ард иргэд, Засгийн газар, олон улсын байгуллагаас өгсөн хандив тусламжийг өмнөө барин нэг ч болов санал царайчилж явахаасаа татгалзах хаэрэгтэй байна. Цаашлаад зуд турхнаар хүртэл намчирхаж, МАН, АН хэмээн тусламжийн барааг ялгавартай олгож байгаа талаар малчид гомдоллож байна. Энэ үйлдэл нь ч улстөрчид юуны төлөө явааг бэлээхнээ гэрчилнэ.