Б.Тулга: Боомтын сэргэлтийн хоёрдахь шат буюу 2024-2028 онд эдийн засаг одоогоос 3-4 дахин тэлэх, боомт гацах биш хөдөлгөгч хүч, зүтгүүр байх зорилт тавьсан

Боомтын сайд Б.Тулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

  • Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийн бодлогыг чухалчлан авч үзэж,  Боомтын сэргэлтийн үндэсний хороог байгуулсан. Өнгөрсөн хугацаанд ямар ажил хийж амжуулав?

Монгол Улсын  Ерөнхий Сайд  Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого боловсруулж зарласан. Үүнээс хойш Боомтын сэргэлтийн бодлогыг тэргүүлэх зорилго болгон тавьсантай холбогдуулж, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, хилийн боомтын захиргаа байгуулан ажиллаад хоёр жил өнгөрлөө. Энэ байгууллага өөрөө салбар хоорондын Засгийн газрын арваад яам, 4-5 агентлаг,  төрийн бус байгууллага, хувийн аж ахуйн нэгжүүдийн хоорондын ажиллагааг хилийн боомт дээр зохицуулах, боомтоор нэвтэрч байгаа ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, боомтоор дамжин ирж байгаа худалдааг өргөжүүлэх, хурдасгах үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Энэ хугацаанд БНХАУ-тай, ОХУ-тай хийсэн экспортын хэмжээг эхний шат буюу 2022-2024 оны хугацаанд 14 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт 2023 оны төгсгөлөөр 15,2 тэрбум  ам. долларт хүрч давж биелсэн. Хоёрдугаар шатны зорилт маань биелсэн учраас дараагийн шатанд  ямар агуулгаар явах вэ гэдгээ зөвлөлдөж ярилцан тохирсон гэж ойлгож болно.

  • Боомтын сэргэлтийн хоёрдахь шатны гол зорилт, зорилго юу байх вэ?

Боомтын сэргэлтийн хоёрдахь шат буюу 2024-2028 он хүртэлх боомтын сэргэлтийг сэргээх, эдийн засаг одоо байгаагаас 3-4 дахин тэлэх, боомт гацах биш хөдөлгөгч хүч зүтгүүр байх зорилтыг хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх нь зөв юм гэдэг  гаргалгааг гаргалаа. Бид  газар зүйн байрлалын хувьд далайд гарцгүй. Тийм ч учраас далайн гарцтай хөрш орнуудын далайн флотыг ашиглах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд эрдэмтэн судлаачид энэ чиглэлийн төрийн байгууллагаар мэдээлэл хийлгэсэн. Монгол Улс хэдийгээр далайд гарцгүй ч гэсэн далайд гарцтай бүх улсын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх хоёр том зах зээлтэй шууд хиллэдэг.  Тиймээс 7-8 мянган км цаана далайгаар холбогддог учраас далайгүй  ч гэсэн  хуурай боомтоо хөгжүүлэх, хилийн шалган нэвтрэх үйл ажиллагааг хурдасгах одоо байгаа боомтын үйл ажиллагааг бүрэн ашиглаж байж хоёр том зах зээл рүү гарна гэсэн үг. Магадгүй чөлөөт бүс эдийн засгийн хамтын ажиллагааны бүсүүдээ идэвхжүүлж хөдөлгөөнд оруулснаар БНХАУ-тай хамтарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Хятадын газар нутгаар дамжуулж бусад улс руу импортлох боломж бий. Энэ шинэ боломжийг бүрэн ашиглахын тулд зөвхөн Боомтын сэргэлтийн үндэсний хороо төдийгүй Зам тээвэр хөгжлийн яам, Аж үйлдвэрийн паркууд хамтран ажиллаж, үүнд хувийн хэвшлийн орж ирж ажиллах бололцоо нөхцөлийг хангах замаар амжилтад хүрэх бололцоо байгааг харсан. 

 Боомт дээр ихэнхдээ хоёр талаас гардаг шийдвэр байдаг. Хятад - Монгол тал, Орос -Монгол тал. Аль аль шийдвэр гарч байж, тохирч байж, хил залгасан бүс буюу боомт  хилийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах эрх нээгддэг. Нэлээдгүй хугацаа авах тохиолдол бий. Гэхдээ бид хойшоо  ухарч болохгүй. Үүнийг шийдвэрлэхийн төлөө явна. Богино хугацаанд хурдтай явуулахын тулд улс төрийн сайн  харилцаа,  ойлголцол хурдасгах түлхүүр болдог. Үнд, Монгол Улс хоёр хөрштэйгөө харилцаа гайгүй яваа гэж ойлгож болно. Ийм ч учраас Монгол Улс Хятадтай төмөр замын ганцхан боомтоор холбогдож байгааг 4-5 болгох, энэ ажлыг түлхүү явуулж байна.  Үүний хүрээнд хоёр жилийн хугацаанд төмөр зам дээр урьд нь зөвхөн цаасан дэээр яригддаг байсан боомтуудын бүтээн байгуулалтыг эхлүүлж, БНХАУ-тай төмөр замаар холбогдох,  дараа дараагийн боомтуудыг нээх,  урьд нь явж байсан боомтуудын хүчин чадлыг өргөтгөх ажил явж байгааг хэлье. Аж ахуйн нэгж хүсээд авдаг хилийн бүсэд газар олголтыг зөв хийх ёстой. Урьд нь буруу, ямар ч  төлөвлөлтгүйгээр зөвхөн газар олголт хэлбэрээр хийн хууль зөрчдөг асуудал гарснаас зохих хүмүүст хариуцлага тооцсон жишээ бий.  

  • Монгол Улс нийт хэчнээн боомттойгоос одоогоор хэд нь хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

Монгол Улс  39 боомттой.  Үүнээс 24 нь үйл ажиллагаа  явуулж байна. Үлдсэн нь эрх зүйн хувьд хөрш орнуудтай олон улсын конвенцын шугмаар нээлттэй байгаа ч одоогоор нээгээгүй байна. Одоо ажиллаж байгаа 24 боомтоос найман боомтод хувийн, төрийн, төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтыг хийж байна. Ихэнх нь боомтын шалган нэвтрүүлэх цогцолборын төвшинд хийж байгаа. Цаашид хувийн хэвшилтэйгээ хамтран боомтын цогцолбороос боомт хотын төвшинд төлөвлөлт хийж,  бизнесийн боломжуудыг гаргах ийм ажлыг хийхээр ажиллаж байна. Найман боомтод хийж байгаа цогцолборын  бүтээн байгуулалтыг  өргөтгөөд Зам-Үүд хот дээр, Алтанбулаг хот дээр,  Сүхбаатар хот дээр ингэж өөрчилж, хөрөнгө оруулалт хийн ирэх дөрвөн жилд ажиллахаар болж байна гэсэн үг.