Оксфорд-АстраЗенекагийн хамтран үйлдвэрлэсэн вакциныг цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй гэж дэлхийн зарим улс орнууд сэрэмжлэн хэрэглэхээс татгалзаад байна. Өнөөдрийн байдлаар Герман, Франц, Испани, Итали зэрэг Европын улс орнууд Нидерланд, Ирланд, Тайланд, Индонези, Дани, Болгар, Португал, Исланд, Словени, Австри зэрэг улс орнуудтай нэгдэн тус вакциныг хэрэглэхээс татгалзлаа.
Тэгвэл ДЭМБ-ын зүгээс улс орнуудад хандан Оксфорд-АстраЗенекагийн хамтарсан вакцин цусны бүлэгнэл үүсгэж байгаа гэсэн баримт нотолгоо байхгүй тул вакцинжуулалтаа тасалдуулалгүй үргэлжлүүлэхийг уриаллаа. Тус байгууллагын вакцины аюулгүй байдлын мэргэжилтнүүд мягмар гарагт хуралдаж энэ талаар хэлэлцэнэ.
Мөн Европын эм бэлдмэлийн газар өнөөдөр уулзалт хийж, пүрэв гарагт шийдвэрээ танилцуулахаар бэлдэж байна. Европт вакцин хийлгэсний дараа цус бүлэгнэсэн олон тохиолдол бүртгэгдсэн гэж үзэж байгаа тул цаашид тус вакциныг хэрэглэх эсэхийг Европын эм бэлдмэлийн газар шийдвэрлэнэ.
Хэдийгээр цус бүлэгнэж, бөөгнөрсөн тохиолдол илэрч байгаа ч вакцинжуулалтад хамрагдсан нийт хүн амд эрсдэл учрах аюулгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Европ болон Их Британид АстраЗенека вакцины 17 сая тун таригдсан. Эдгээр хүмүүсийн 40 орчимд нь цусны бүлэгнэл үүссэн байна.
Германы эрүүл мэндийн яамнаас тус вакцины хэрэглээг зогсоосон нь улстөржсөн үйлдэл огт биш бөгөөд уг шийдвэрийг нухацтай бодолцсоны үндсэн дээр гаргасан гэж мэдэгджээ. Үүний дараахан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын эм бэлдмэлийн газрын шийдвэр гарах хүртэл тус вакциныг дархлаажуулалтад ашиглахгүй болсон гэдгийг дуулгасан юм.
Хэдийгээр Европын ихэнх орнууд урьдчилан сэргийлэх үүднээс АстраЗенекаг хэргэлэхээ зогсоосон боловч Бельги, Польш, Чех, Украйн зэрэг улс орнууд үргэлжлүүлэн хэрэглэхээ мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх