Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх түдгэлзчихсэн

Улсын Дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болсон. Ингэснээр, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрх дуусгавар болох нөхцөл бүрдсэн юм.

УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэж заасан ч УИХ хуулиа хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс  татгалзсаар буй юм.

Харин энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: “Шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуусан нь зөв. Ер нь бол улс төрийн шийдвэр л гарсан шүү дээ” гэх тайлбар өгч байгаа. Эргэн сануулахад, тэрбээр 2016-2020 онд “Хөгжлийн банк”-ны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгуулсан юм.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч уг хэргийг шүүхээр хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд буюу өнгөрөгч оны зургаадугаар сард УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч гишүүн болсон байдаг.

УИХ Д.Цогтбаатар гишүүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлье гэдэг л асуудлыг ярина. Түүнээс биш шүүхээс нэгэнт гэм буруутай гэсэн шийдвэр гаргачихаад байхад УИХ шүүхийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй. Олонхиороо гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэсэн үг.

УИХ-ын нэгдсэн чуулганаар тухайн гишүүнийг бүрэн эрхээс нь эргүүлэн татах тогтоол гарсан тохиолдолд эргүүлэн татсанд тооцох боловч нөгөө талаасаа Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилдэг. Тиймээс шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх түдгэлзсэн гэж ойлгож ч болох талтай. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрх түдгэлзчихсэн гэв.