Х.Батсуурь:Төр засаг, үндэсний эрх ашгаа хамгаалсангүй

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-2011 онд оргилдоо хүрсэн гадаадын хөрөнгө оруулалт шалдаа буусан бараан үе өнгөрч байна гэх юм. Эерэг үзүүлэлт ажиглагдаж байна уу?
-Өнгөрсөн жил гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалт 0 хэмжээнд хүрсэн. Харин энэ жилээс дэлхийн эдийн засаг харьцангуй сэргэх төлөвтэй байгаа учраас гадаадын хөрөнгө оруулалт дээрдэх болов уу гэсэн хүлээлт байна. Миний тооцсноор Монголд 1990 оноос хойш 15 орчим тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсний 60-70 орчим хувь нь уул уурхайн салбарт орсон. Мөн 70-80 орчим хувь нь 2009-2012 оны хооронд орж ирсэн байдаг юм. Үнэндээ хөрөнгө оруулалт татарсан нь Монголын явуулж буй бодлогоос илүүтэй гадаад шалтгаанаас хамаараад байгаа юм.
-Яг ямар шалтгаан...
-Гадаадын хөрөнгө оруулалт хоёр үндсэн зүйлээс хамаардаг. Нэгд, Монголд хөрөнгө оруулахад хамгийн их ашиг хүртэх боломжтой уул уурхайн салбарын ашиг дэлхийн зах зээлээс шууд хамааралтай. Хоёрт, Монгол дахь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал. Түүнээс биш хууль эрх зүйд хийсэн өөрчлөлт, улс төрийн шинж чанартай асуудлууд хөрөнгө оруулалтанд нөлөөлөхгүй. 2015 оноос хойш дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурсан. Нүүрсний үнэ 50, зэсийн үнэ 60 орчим хувиар буурсан. Гэхдээ энэ оноос сэргэх төлөвтэй байгаа учраас Монголд хөрөнгө оруулалт хийх сонирхол нэмэгдэж байна. Хэдийгээр манай улсын улс төрийн байдал тогворгүйд тооцогддог ч дайн байлдаан болж байдаг бусад орнуудтай харьцуулшгүй шүү дээ. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулагчдын шаардлагад нийцүүлэх гэж хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулж, үндэсний эрх ашгаа үгүйсгэдэг нь буруу. Сул дорой байдал нь хөрөнгө оруулалтанд сөргөөр нөлөөлдөг. Сул дорой дайсныг өрсөлдөгч нь улам л дарамталж, нам цохихыг хүснэ. Өрөвдөөд дээш нь гаргах боломж олгодоггүй юм. Монголын баялгийг богино хугацаанд хуу цөлмөөд гарна уу гэхээс хөрөнгө оруулалтаа нэмж, харилцан зохицох талаар бодохгүй. Шуудхан хэлэхэд, шаардсан болгоныг нь биелүүлнэ гэдэг гэнэн хэрэг. Латин Америк, Африкийн улс орнуудын жишээн дээр тодорхой харагдаж байгаа биз дээ. Хэрэв шаардсан болгоныг нь биелүүлээд байвал жинхэнэ хөрөнгө оруулагч биш, хулгай дээрмийн зорилготой, дарамтлах замаар мөнгө хийж, Монголын баялгийг хуу хамаад, бушуухан гаръя гэсэн бодлоготой хүмүүс л орж ирнэ. Урт хугацаанд харилцан ашигтайгаар хамтран ажиллая гэсэн компаниуд орж ирэхгүй. Түүхий эдийн үнэ өндөр, Монгол дахь хууль эрх зүйн орчин тогтвортой байж гэмээнэ баялгийнхаа үр шимийг хүртэнэ. Тодорхой түвшинд үндэсний эрх ашгаа хамгаалсан хууль баталсан юм бол хуулиа чанд сахих ёстой. Хүссэн үедээ чангалж суллаад байвал хүмүүст буруу мессэж өгдөг. Энэ байдал дээр тоглолт хийж, хууль эрх зүйн орчинг бүрмөсөн устгаж үгүй болгох сэдэлтэйгээр шантааж хийх учраас онцгой анхаарах ёстой. Аль ч нам, улс төрийн бүлэглэл төрд гарсан хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулахгүй байх хэрэгтэй. Сая, УИХ-ын 29 дүгээр тогтоолоо гаргаад 20 ч хонолгүй цуцалсанд би хувь хүний хувьд эмзэглэсэн. Рио Тинтогийн зүгээс ОУВС-д хүсэлт хүргүүлсний дагуу ОУВС бидэнд шаардлага тавилаа гээд л тэр... Төр засаг, үндэсний эрх ашгаа хамгаалсангүй. Угтаа борлуулалтын орлогоо Монголын банкинд байршуул гэсэн маш энгийн, хууль ёсны л шаардлага шүү дээ.
-Хэдхэн тэрбум төгрөгийн дүрмийн сантай Монголын банкнуудад итгэх нь эрсдэлтэй гэж үзсэн юм биш үү?
-Худлаа шалтаг. Нийт борлуулалтын орлого нэг дор орж ирэхгүй. Сар болгон нэмэгдээд явна. Манай банкууд 1.2 тэрбум байтугайг шингээгээд, байршуулаад явчих бүрэн боломжтой. Тэгээд ч Засгийн газрын 34 хувь явж байгаа учраас төр баталгаа болно. Монголд орж ирсэн мөнгө алга болно, үйл ажиллагаанд нь саад учирна гэсэн ойлголт байхгүй. Хувийн банкнуудад итгэхгүй байгаа бол Улсын банк байгуулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй бүх улс Улсын банктай байдаг. Улсын банк л улсаа авч явдаг. Хувийн банк биш шүү. Худалдаа хөгжлийн банк өмнө нь улсынх байсан. Буцаад улсынх болгож, гадаад харилцагчдадаа улс өөрөө баталгаагаа өг. Бусад банкуудаа нийлүүлээд Улсын банк барьсан ч болно. Тэгвэл жинхэнэ дэвшил болно.
-Арилжааны банкны чадамж тааруу байгаа энэ нөхцөлд гадны банк оруулж ирэх нь зөв эсэх дээр маргадаг. Таны бодлыг сонирхоё.
-Монголын арилжааны банкууд үндэснйи эрх ашгийн төлөө аижллахгүй, хэт өндөр хүүтэй, иргэдээ шулсан мөлжлөгийн системээр явж байгаа энэ тохиолдолд гадны банк оруулж ирэх нь зөв. Гагцхүү тодорхой хязгаарлалттай тавих ёстой. Тэгж байж л өрсөлдөөн бий болно.
-Ер нь гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хянадаг тогтолцоо манайд байна уу?
-Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бүртгээд нэгтгэж дүн гаргах төвөгтэй. Гэхдээ ийм систем бий болж байж хяналттай байна. Гадаадын хөрөнгө оруулалтын газар гэж уг нь байдаг ч мэдээлэл нь нууц болчихсон юм биш үү.
-Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг хүлээн авах чадвараар нь улс орныг ангилдаг. Манай орны тухайд гадны хөрөнгө оруулалт хүлээж авах чадамж хэр байна?
-The Heritage foundation гээд байгууллагаас судалгаа явуулдаг. Үндсэндээ үндэстэн дамнасан корпорациудын цогц үйл ажиллагаа. Хууль эрх зүйн орчныг аль болох сул, өрсөлдөөний чадварыг муу байлгачихаад үүнийгээ өөрчлөх ёстой гэх зөвлөмжийг өгдөг гээд ойлгочиход болно. Гадаадын хөрөнгө хүлээж авах чадварыг Монгол Улс өөрөө л тодорхойлно. Тодорхой хязгаар, шаардлагыг бид өөрсдөө тавих ёстой. Түүнээс биш эр дагуу гадны байгууллага, заавар зөвлөгөө өгөөд л манай төр засаг түүнийг нь хүлээж авах шаардлагагүй. Бид дотоодын судалгаагаараа явах нь зүйтэй. Уг нь тодорхой түвшинд дэвшил гаргасан ч ухарчихсан. Тодруулбал, урт нэртэй хууль том дэвшил. Харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй. Бас Стратегийн ордуудын талаарх баримтлах бодлого байна. Хэрэгжилтэнд нь анхаарах ёстой. Уул уурхайн баялаг ихтэй улс орнуудын хувьд баялгаа улс нь мэдэж байж сайн үр дүнд хүрдэг. Хувийнханд даатгавал сүйрдэг. Эдийн засаг нь газрын тосноос хамаардаг Норвеги улсын газрын тосны том үйлдвэрлэлийн 60-70 хувь нь улсынхаа мэдэлд байдаг. Чили улсын дэлхийн номер нэг гэгддэг “Коделко” гэх зэсийн уурхайг 60-аад оны үед хувьд өгснийг буруу гэж үзээд буцаагаад улсын мэдэлд авсан. Мэдээж улс сайн менежмент, хяналттай байх ёстой.
Сэтгэгдэл үлдээх