Дэлхийн хүн амын 99 хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна

Дэлхийн хэмжээнд жилд 13 сая хүн хүрээлэн буй орчинтой холбоотой шалтгаанаар, түүнээс долоон сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.

ДЭМБ-ын шинэ тайлан дэлхий дахин бараг бүхэлдээ эрүүл бус агаараар амьсгалж байгааг нотолжээ. Иймд агаарын бохирдлын түвшнийг бууруулахын тулд чулуужсан түлшний хэрэглээг зогсооход яаралтай арга хэмжээ авахыг тус байгууллага уриалсан байна. Агаарын бохирдол нь олон тэрбум хүний эрүүл мэндэд аюул учруулж, олон сая хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нас барахад хүргэж байгааг тайланд тодотгожээ.

ДЭМБ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Софи Гамигийн хэлснээр, Ойрхи Дорнодын зүүн хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африкийн бүс нутагт агаарын чанар хамгийн муу байна.

“Жилд нас барж байгаа долоон сая хүний дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд байна. Гэхдээ энэ нь өндөр орлоготой орнуудад нөлөөлөхгүй байгаа гэсэн үг биш. Бид агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолохдоо нас барагсдын тоог ашиглаж байгааг та бүхэн мэднэ. Гэхдээ агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бодитоор тооцоолох хэрэгтэй. Агаарын бохирлын улмаас маш их зардал гарч байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

ДЭМБ-ын тайланд олон агаарын бохирдуулагчийн хэмжээ нь бага байсан ч ихээхэн хор хөнөөл учруулж байгааг онцлон тэмдэглэжээ. Тодруулбал, тоосонцор уушги, судсанд гүн нэвтэрч, улмаар зүрх судасны өвчин, цус харвалт, амьсгалын тогтолцооны өвчнүүдийг үүсгэдэг байна. Тайланд азотын исэл буюу NO2 нь астма болон амьсгалын замын бусад өвчнийг үүсгэдэг хэмээн бичжээ.