Конор МакГрегор луу унжсан уу?

Конор МакГрегор болон Дастин Пойрье нарын гурав дахь тулаан болохгүйг хоёр тулаанч твиттерээрээ дамжуулан мэдэгдлээ. Учрыг тодруулбал, Конор МакГрегор өнгөрсөн нэгдүгээр сард Дастин Пойрьетэй тулалдахдаа түүний сайн үйлсийн санд 500 мянган ам.доллар хандивлана гэж амалсан боловч амлалтдаа хүрээгүй аж.

Саяхан Конор инстаграм хуудастаа Дастин Пойрьег дөрөвдүгээр үед нүүрэн дунд нь өшиглөж дуусгана хэмээн ярьсан бичлэгээ оруулсан. Үүнд нь уурссан Дастин Пойрье твиттер хуудастаа “Хөгжилтэй л таамаг дэвшүүлсэн байна, Конор. Чи миний сайн үйлсийн санд 500 мянган ам.доллар хандивлана гэж бас таамаглаж байсан уу? Нэгдүгээр сарын тулааны дараа чи болон танай багийнхан надад хариу өгөхөө больсон. Удахгүй уулзъя. Долдугаар сарын 10-нд мөнгөө бүтэн авна” хэмээн жиргэжээ.

Конор МакГрегор өчигдөр (2021.04.12) өөрийн твиттер хуудастаа “Үхэжсэн тархитай тэнэг минь, төлөвлөгөөнд 500 мянган ам.доллар дурдагдаагүй. Чи бол мөнгө үзээгүй тэнэг амьтан. Тулаан болохгүй. Би долдугаар сарын 10-ны өдөр өөр хүнтэй тулалдана” хэмээн жиргэж, хариу барьжээ.

Конор МакГрегор, Дастин Пойрье нар анх 2014 онд тулалдаж, тухайн үед Конор МакГрегор ялж байв. Харин даагаа нэхэх тулаанаа өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ний өдөр хийхэд Дастин Пойрье ялж, цувралын харьцааг 1-1 болгосон. Ийнхүү хоёр тамирчны хайнаа хагалах тулаан ирэх долдугаар сард явагдах байсан ч ярвигтай нөхцөл байдал үүслээ.

Сэтгэгдэл үлдээх