Аврах ангийн аврагчид нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдүүлэх, Олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэд техник технологи, иновацыг нэвтрүүлэх ажлын хүрээнд өндөр барилга байгууламжаас олс ашиглан аврах ажиллагаа явуулах үед ашиглагдах цонх хаалганы хамгаалалтын бэхэлгээний багажийг өөрсдийн нөөц боломжид тулгуурлан шинээр хийжээ.
Алба хаагчид тус багажийг гурван сарын хугацаанд өдөр тутмын дасгал сургууль хийхдээ олс, багаж шалгах зэргээр ачаа зүүж ашигласан бөгөөд туршилтаар тухайн багажны хийц бүтээцэд ямар нэгэн цууралт, гулзайлт зэрэг өөрчлөлт гараагүй байна. Туршилтаар бат бөх чанар, даацыг тодорхойлох, барилга байгууламжийн хийцэд багажийг богино хугацаанд байрлуулах, аврах ажиллагааны автомашинд тээвэрлэхэд овор хэмжээ бага, аврагч авч явахад хөнгөн, аврах ажиллагааг богионо хугацаанд шуурхай зохион байгуулахад хялбар зэрэг давуу талуудтай болсон байна. Цаашид тус багажийг илүү боловсронгуй болгох, мэргэжлийн байгууллагаар ашиглаж болох талаар дүгнэлт, зөвлөмж авах, аврах ажиллагаанд нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Тус багажыг БНСУ-д үйлдвэрлэгдэж стандартын байгууллагаар баталгаажсан “ТАSO” брэндийн ган турба /400-450МРа/ барилгын тулаасыг ашиглаж хийсэн бөгөөд бүтээгдэхүүний үзүүлэлт: Марк V2, үндсэн урт 1,2 м, тулах урт 1.2-2м, жин 15 кг юм.
Нийслэлийн хэмжээнд гарсан аюулт үзэгдэл, ослын дуудлагын 20 орчим хувийг өндрөөс аврах ажиллагааны дуудлага эзэлдэг. Үүний дийлэнхи хувийг амиа хорлох оролдлого, цахилгаан шатанд гацах болон гэртээ түгжигдсэн дуудлага эзэлж байна. Өндөр барилга, байгууламжаас олсоор аврах ажиллагааг зохион байгуулахад тухайн барилга байгууламжийн дотор хийц бүтэц цонх, хаалганаас хамгаалалтын бэхэлгээ авахад хүндрэлтэй, аврах ажиллагаанд 2-оос дээш аврагч хамгаалалтанд үүрэг гүйцэтгэх шаардлага гардаг нь аврах ажиллагааг явуулахад хугацаа шаарддаг байсныг хэмнэх боломжтой юм гэж Аврах ангиас мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх