УМАРД СОЛОНГОСТ САНУУЛАХ ЦОХИЛТ ӨГЧ БОЛЗОШГҮЙ

Пхеньян зургаадахь цөмийн туршилтаа хийх гэж байгаа нь тодорхой болох аваас АНУ-ын зүгээс БНАСАУ-д сануулах цохилт өгөхөд бэлэн байна. Энэ тухай пүрэв гарагт NBC телевиз Америкийн тагнуулын байгууллагын эх сурвалжийг иш татан мэдээллээ. Тус телевизийн мэдээлснээр, АНУ ердийн зэвсэг ашиглан сануулах цохилт өгөхөд бэлэн байгаа ажээ. Tomahawk далавчит пуужингаар зэвсэглэсэн АНУ-ын байлдааны хоёр хөлөг онгоц Солонгосын хойгийн ойролцоо бүсэд очиж байрлаад байна. Хоёр хөлөг онгоцны нэг нь Пхеньяны цөмийн туршилт хийх гэж буй газраас 300 орчим бээрийн зайд иржээ. Үүнээс гадна, Номхон далайн Гуам арал дээр байрладаг цэргийн баазад байгаа Америкийн хүнд бөмбөгдөгч онгоцууд БНАСАУ-д цохилт өгөхөөр нисэхэд бэлэн байдалд байна. Үүнээс өмнө "Carl Vinson" гэдэг нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг багтаасан цохилтын бүлгээ АНУ Солонгосын хойг руу илгээсэн юм. БНАСАУ-д сануулах цохилт өгөх нь “ямар үйлдэл хийхийг нь урьдчилан таахын аргагүй Умард Солонгосын дэглэмийг өмнөд хөршийнхөө эсрэг улайрсан дайралтыг хийхэд хүргэх өдөөн хатгалга болж магадгүй" гэж NBC телевизийн эх сурвалжууд болон шинжээчид үзэж байна. “Умард Солонгосын удирдлага энэ асуудалд татагдан орсон улс орнуудтай дипломат яриа хэлэлцээ хийх огтхон ч сонирхолгүй байгаагаа харуулсан” гэж Вашингтоны Стратеги, олон улс судлалын төвийн Солонгосын хойгийн салбарын эрхлэгч Виктор Ча хэллээ.

Сэтгэгдэл үлдээх