Хяналтгүй хөрөнгө оруулалт ба халаасны хулгай

Эдийн засаг судлаачид, 1990 оноос хойш нийт 15 орчим тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирсэн гэх тоог хэлдэг. Үүний 60-70 орчим хувь нь хөрөнгө оруулалт татахад тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг болох уул уурхайн салбарт оржээ. /2009-2012 оны хооронд/  Гэвч Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын нэгдүгээр шат дуусч, экспортын голлох түүхий эдийн үнэ  унасантай  холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилийн хугацаанд харьцангуй суларсан. Эдийн засагч Х.Батсуурь, “Гадаадын хөрөнгө оруулалт багасссан нь Монгол дахь улс төр, эдийн засгийн тогтвортой байдал болоод гадаад шалтгаанаас ихээхэн хамаарсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл 2015 оноос дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ тэр дундаа нүүрс 50 хувиар, зэс 60 хувиар буурсан нь гол хүчин зүйл болжээ. Бас, энэ оноос эдийн засаг сэргэж байгаа нь Монголд хөрөнгө оруулалт хийх гадныхны сонирхлыг өдөөж байна гэж  онцолсон. Статистикаас харахад, манай улс 1990 оноос нээлттэй зах зээлийн эдийн засагтай болсноор 110 гаруй оронтой гадаад худалдаа хийж 16.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байдаг ба нийт хөрөнгө оруулалтын 76.3 хувь нь уул уурхайн салбарт оржээ. Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд оргил үедээ буюу 4.4 тэрбум ам.долларт хүрч байсан бол уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт, улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж -71 сая ам.доллар хүртлээ унасныг мартаж болохгүй. 2011 онд оргилдоо хүрсэн хөрөнгө оруулалт 2015 онд шалдаа буусан. Харин сүүлийн үеэс эрерэг үзүүлэлт гарч байгаа. Тиймээс бид нөхцөл байдлыг бодитоор харах хэрэгтэй болох нь.  Хөрөнгө оруулагч гэхээр л баялаг шулагч гэх таагүй ойлголт бидэнд бий. Уг нь гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэнээр ажлын байр нэмэгдэж, шинэ технологи менежментийн арга барил нэвтэрч, дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэн, дэлхийн зах зээлтэй ойртож, экспортын хэмжээ нэмэгдэн, татварын орлого өсдгийг захын эдийн засагч хэлээд өгнө. Бас “Гадаадын хөрөнгө оруулалтыг бурханчлах хэрэггүй, буг чөтгөр болгох бүр ч хэрэггүй” гэж үг бийг санахад илүүдэхгүй. Улстөрчдийн хувийн шунахайн сэтгэлээс улбаатай гуйвж дайвсан шийдвэрүүдээс болж үндэсний эрх ашигт нийцэхгүй улс орны хэмжээнд ашигтайгаар явуулж болох олон төсөл гацдагыг, ашиггүй гэрээ хийгддэгийг бид мэднэ. “Тамсагийн орд” гэхэд л улсад хэдий хэмжээний татвар төвлөрүүлсэн  нь одоог хүртэл тодорхойгүй. Ер нь манай улсад ямар улсаас, хэдий хэмжээний хөрөнгө оруулалт, хэзээ орж ирээд, ямар салбар, аж ахуйн нэгж, албан байгууллагатай хамтарч Монголд ашигтай ямар бүтээн байгуулалт хийгдсэн талаар нэгдсэн мэдээлэл авах, хянах байгууллага, тогтолцоо ч алга. Гадны хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулдаг гэх гомдол ч их гардаг юм билээ. Замгүй л бол аижл явахгүй гэдэг. Тэгээд зам барь гэж мөнгө өгөхөөр техник авчихдаг. Засвар хий гэхээр машин аваад уначихдаг байдлаа залруулахгүйгээр “зэрлэг” зах зээлийн нийгэмд хөрөнгө босгож, замдаа доголдсон эдийн засгаа босгоход дэм болох түншийн итгэлийг олно гэдэг юу л бол... Э.Бат-Уянга

Сэтгэгдэл үлдээх