“Жи Тайм” сүлжээний шүүх хурал хэзээ болох вэ?

Монголчууд олноор хошуурсан Казакстаны Жи Тайм сүлжээ хаалгаа бариад гурван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнгөрсөн хугацаанд Улсын мөрдөн байцаах газарт 60 байцаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч иргэдийн өргөдлийг хүлээн авч байцаалт явуулж байгаа. Одоогоор 12 мянган иргэн сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа. Мөн ирэх долдугаар сард Жи Тайм сүлжээний хохирогчдын шүүх хурал болж иргэдийн хохирлыг барагдуулна гэх яриа бий. Энэ талаар ЦЕГ-аас Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Д.Оюунаас тодрууллаа.
- Жи Тайм сүлжээний хэргээр 12 мянган иргэн сэжигтнээр татагдан байцаагдаж байгаа нь үнэн үү?
-Шалгагдаж байгаа хэргийн сэжигтний тоог мэдээлэх боломжгүй. Ажлын хэсэг шалгаж байгаа. 12 мянган сэжигтэн байгаа гэдэг ташаа мэдээлэл. Хэрэг мөрдөн байцаалтанд байгаа үед сэжигтний тоог гаргах боломжгүй.
- Хэрэгт холбогдох шүүх хурал долдугаар сард болох юм уу?
-Шүүх өөрөө шүүх хурлын товыг зарлана. Долдугаар сард шүүх хурал болно гэдэг ташаа мэдээлэл. Мөрдөн байцаалт дуусгаад прокурорт шилжүүлдэг. Прокурор нь түүнийг шалгаад мөрдөн байцаалтанд буцаах уу, шүүх рүү шилжүүлэх үү гэдгийг шийднэ. Шүүх бас нягталж шалгаад прокурорт буцаах уу, шүүх хурал зарлах уу гэдгээ шийднэ.
УМБГ-аас Жи Таймын үйл ажиллагааг зогсоосон нь цагаа олсон явдал
Тус сүлжээнд элсэж хохирсон иргэдэд Казакстан дахь төв компаниас нь, УМБГ-т битгий өргөдөл өг. Ж.Марат захирал хурдан суллагдаж байж л та нарын хохирлыг барагдуулна гэсэн ухаалгыг хийж байгаа тухай зарим иргэд ярих болсон. Энэ талаар Жи Тайм сүлжээний Харилцагчдын эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын гишүүнээс лавлалаа.
-УМБГ-т өргөдөл өгөхгүй байхыг Казакстан дахь төв компаниас зөвлөж байгаа гэсэн үү?
-Хохирсон иргэдийг мөрдөн байцаах газарт өргөдлөө өг гэж байгаа.
-Сүлжээ буцааж үйл ажиллагаагаа явуулна гэсэн нь үнэн үү?
-Энэ бол цаг хугацааны л асуудал. Уг нь сардаа тэрбум гаргаж улсад татвар төлдөг аж ахуйн нэгж Монголд цөөхөн шүү дээ. Ажиллаж эхэлбэл улсад ч, иргэдэд ч хэрэгтэй зүйл байгаа юм.
-Хэн хэндээ хэрэгтэй байсан юм бол яагаад үйл ажиллагаа нь зогсож, иргэд хохиров?
-Казастаны талаас Монгол Улсад ажиллах ажилтнаа буруу сонгосноос л болсон асуудал. Казакстанаас цалин авч ажилладаг 20 гаруй хүний хариуцлагагүй үйлдлээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Компанийн маркетингийг буруу тайлбарласан гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг, Эрдэнэтийн гэх Б.Батчимэг нараас болж олон иргэн хохирлоо. Энэ хоёр хүн шууд худалдааны компанийг мөнгөний сүлжээ болгож хувирган хувьдаа их хэмжээний ашиг олсон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Оюунчимэг нь хувьдаа хоёр удаа машин аваад зогсохгүй өөрийнхөө болон үр хүүхдийн нэрээр 23 удаа 8000 ам.доллар авсан гэдгийг хамтарч ажиллаж байсан хүмүүс нь нотолж байгаа. Хагас тэрбум төгрөгийн ашиг олохын тулд энэ олон хүнийг хохироочихоод байна.
-Хэрэв компанийн үйл ажиллагааг зогсоогоогүй бол нэр бүхий этгээдүүд хүмүүсийг хохироосоор л байх байсан хэрэг үү?
-УМБГ-аас компанийн үйл ажиллагааг зогсоосон нь цагаа олсон шийдвэр. Хэрэв Б.Батчимэг, Э.Оюунчимэг нарын хууль бус ажиллагааг зогсоогоогүй бол хичнээн олон хүнийг хохироох байсныг хэлж мэдэхгүй.
-Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Оюунчимэг одоо хоригдож байгаа юу?
-Хорих ангиас гарч ирсэн хүний хэлснээр бол хоригдож байгаа гэсэн.
Сүлжээнд орж мөнгө, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд УМБГ-аар байнга эргэлдэж, алдсан хүн 10-н тамтайн үлгэрийг биеэрээ мэдэрч байгаа. Дэмий зүйлд өөрийнхөө төдийгүй ойр дотныхныхоо мөнгийг оруулснаас болж олон зуун айл хэрүүл маргаантай өдөр хоногийг өнгөрөөж байна. Тиймээс иргэд сүлжээний бизнесээс зайгаа барьж, дэл сул өм цөм баяжих гэнэн мөрөөдлөөсөө болж хохирохгүй байхыг холбогдох албаны зүгээс сэрэмжлүүлж байна.
Т.Цолмонсайхан
Сэтгэгдэл үлдээх