Аав чулуу
Манай нутгийн зун жигүүртэн бүхэн дуулалдаж, хаа нэг тарвага дошин дээрээ гарч ирэн хошгирох нь дуулддагсан.
Адуу морьд янцгааж, хонь ямаа майлалдан, үхэр тэрэгний дугуй уйтай бөгөөд гунигтайхан чихран дугарч тэрэгчин хаа нэг хаая, хөөг гэсээр дуулдана.
Тийм ийм дуу, авиа хэмээн тоочих гэвээс чих минь сонсож чадах ч ам хэл минь хэлж чадахгүй үгийн баялаг дууссан мэт болдог билээ.
Тэнгэрийн хаяа шүргэх шахам дүнхийх өндөр уулсын орой цаазын илд шиг наранд гялалзах нь холгүй нүд гялбуулж дүнхийнэ.
Би ийм л сайхан нутагт төрж өссөн хүн билээ.
Зуны аагим халуун наранд дээлээ сугалдрагласан адуучин эрэмгий бор залуус үеийн малчин бүсгүйчүүдэд таалагдахын тулд хэн хэнээсээ давж гарах гэж амь насанд аюултай зүйлс хийж онгирцгооно.
Бүсгүй хүнд эр хүний энэ эрэмгий байдал таалагдавч нүдээ тас анин "Ээжээ" хэмээн өөрийн эрхгүй дуу алдан орилцгоох бөгөөд адуучин эрмэг залуус инээсээр босч ирээд нүүрэндээ наалдсан шороогоо унагаахад бүсгүйчүүдийн нүүрэнд инээмсэглэл тодрон гэрэлтдэг билээ.
Нар туссан манай нутгийн зун ийм л сайхан болдог нь бидний нүднээ тусч сэтгэл баясгана.
Хээр талын ногоон талд өнчин ганц хүн чулуу байдаг бөгөөд бид түүнийг аав чулуу хэмээн алдарлана.
Холоос ч бай, ойроос ч бай үнэхээр л аав хүн шиг дүүхийн харагддаг юм. Тийм болохоор л аав чулуу гэж алдарласан ч байж магад.
Өвөө минь биднийг бага байхад аав чулууны домог түүхийг ярьж өгсөн бөгөөд одоог хүртэл миний сэтгэлд тодхон үлдсэн бөгөөд түүнээ та нартайгаа хуваалцая гэлээ.
Манай нутагт гэж ирээд л ярьдаг байлаа хөөрхий минь.
Насаараа хүнтэй ханилан суугаагүй өвгөн байсан юм гэнэ лээ. Умгар жижиг гэртэй түүндээ бол шөнийн уртад л орж хоноглодог юм гэсэн.
Голцуу бол хээр талаар яваж ан гөрөө эргүүлж явдаг бөгөөд манай нутгийн шүтээн хайрханруу өглөө эртээ гараад явдаг, үдшийн бүрийтэй зэрэгцэн уулнаас бууж ирнэ.
Нэгэн өдөр харин уулнаас эрт бууж ирсэн бөгөөд хонины нэхий тэвэрсэн ажээ.
Гэртэй өнөөх зүйлээ үлдээчихээд шанага барьсаар өвөөгийнд орж ирээд сүү гуйсан гэдэг.
Өвөө, эмээ хоёр минь энэ үед саахалт байсан юм байна лээ.
Өвөө, эмээ хоёр лавлаж асуусангүй сүү хийгээд өгөөд л явууллаа.
Өвгөн гарахдаа Буян нь дэлгэрч явах болтугай хэмээн ерөөгөөд маажигнан бараг гүйхээрээ л гэртээ оров.
Маргааш нь уулруу дахин зүглэсэнгүй.
Нөгөөдөр, нөгөөдрийн цаад өдөр гээд ерөн л бол дахин гэрээсээ ч холдолгүй байдаг болов.
Харин үе, үехэн нялх үрийн дуу өвгөнийхөөс сонсогддог боллоо.
Тийм гэлээ ч өвөө, эмээ минь гэрт нь орох нь байтугай хажуугаар нь шахуу гардаггүй байсан гэдэг.
Нэгэн шөнө өвөө, эмээ хоёрыг унтаж байхад гэрийн хаалгыг нь нүдэхэд зэрэг шахуу цочин сэрээд хэн бэ гэхэд хаалганы цаанаас хүүхдүүд минь хаалгаа гэсээр амьсгаа өндөр өвөө дугарав.
Тэр үед өвөө, эмээ минь залуу байсан юм билээ.
Хаалгаа тайлхад гаднаас хүүхэд тэвэрсээр их л сандарч мэгдсэн аятай хүүхдүүд минь туслаарай хэмээн зангирсан хоолойгоор уйлагнан гуйлаа.
Эмээ, өвөө минь тэр үед хүүхэдтэй болж өгөөгүй бөгөөд болсон ч эндчихээд байсан гэдэг билээ.
Ямар сайндаа л бид ямар ёрын улс вэ гээд л эмээ минь уйлдаг байсан гэнэ лээ.
Эмээ минь хар хурдаараа тэр жаахан газар гүйж очин хүүг шүүрэх шахуу тэвэрч авахад нэхийнд өлгийдүүлсэн нялх жаахан хүү бүлээрэн амьсгаа нь өндөрсөж аахилан байлаа.
Эмээ минь бор авдраа ухаж баадан даавуунд их л нандигнан боосон зүйл гаргаж ирээд аавынхаа хэрэгтэй үед л хэрэглээрэй гэсэн 4 ширхэг үрэлнээс нэгийг гарган ууранд нунтаглан үүрүүлээд сүү хөөрүүлэн өгөх хооронд өвгөн нуруугаа үүрэн тэнгэрийн хаяа шүргэх мэт дүнхийх хайрханы зүг хүүгийн нэхий өлгийнд аргалж хийж өлгийдөөд тэвэрсээр гэлдэрч явлаа.
Энэ жижигхэн үрлийг юугаар хийж бэлтгэсэн нь одоо ч нууц бөгөөд хэн ч мэддэггүй юм.
Хүү ч хэсэг хугацааны дараа хар хөлс нь цувж намуухан амьсгалсаар унтав.
Өглөө нар мандах үеэр өвгөн уулнаас бууж ирсэн бөгөөд нэлээд ядарсан бололтой гуйвж дайван ирэв. Гар нь хоосон хүүгийн нэхий өлгий ч алга байв.
Аав, ээж халуун сүүтэй цай барихад шүдгүй амаа цомбойлгож ирж байгаад үлээснээ шунаг хэмээн сороод хахаж цацав.
Жаал чимээгүй байснаа хайрхан надад хүү заяасан харин савдаг эзэн хүүг минь надаас буцааж авах гэлээ хэмээн их л хорсож байгаа бололтой шүдгүй улаан буйлаа зуулаа.
Хүү минь яаж байна хэмээн өндийн босч ирээд хүүгийн толгой дээрээс тонгойн харахад хүү жигдхэн амьсгалсаар өвөөгөө инээмсэглэн угтав.
Эмээ ч хүүг авч сүү хөөрүүлэн угжихад хүү инээмсэглэн хөхөж байхдаа өвөр дээр нь оргитол шээсэн гэдэг.
Өвөө, эмээ хоёр минь ч бэлэгшээн хүү хайрла хэмээн зэрэг шахуу хэнээс ч юм гуйв.
Яг энэ өдрөөс хойш 1 жилийн хойно өвөө, эмээгийн гэрт нялх үрийн дуу хадсан бөгөөд түүний дараа дахин ч 4 хүү, 4 охин заяасан гэдэг.
Түүний хамгийн бага нь миний аав юм.
Өдөр хоног урсан өнгөрч нэг л мэдэхнээ 16 жил болов.
Өвөөгийн хүү ханагар сайхан биетэй хөрслөг бор хүү болжээ.
Ямар сайндаа л хавь ойрын үеийн байтугай эгчмэд бүсгүйчүүд нууцхан харж битүүхэндээ санаа алдан шохоорхдог байсан гэлцдэг.
Өвөө, эмээ минь хүүд шинэ дээл, гутал, малгай, бүс бэлэглэжээ.
Бас болоогүй өөрийн хурдан удмын буянаа бэлэглэсэн ч гэдэг билээ.
Уулын цаанаас нар хаяарч орчлонг гийгүүлэхэд хүү анд явлаа гэсээр уулын шигүү ургасан мод руу яваад орчихов.
Өвгөн гишгэж чадахаа байсан учир гадаа завилан сууж хүүгээ араас нь харсаар үлджээ.
Сэтгэл дотор нь юу бодогдож байсан юм бол бүү мэддээ.
Орой нь хүү ирсэнгүй.
Маргааш нь ч ирсэнгүй.
Өдөр хоног өнгөрсөөр хүү ч ирсэнгүй өвгөний бие улам дордсоор байв.
Тиймээ өвгөнд Шүтээн хайрхан хүү өгсөн ч түүнээ буцаан авсан нь энэ билээ.
Өвгөн ч төд удалгүй өнөөх л суусан газраа уулсыг харуулдан суусаар насан эцэслэсэн бөгөөд нутгийн хүмүүс өвгөнд зориулан шүтээн хайрханруу харуулж хүн чулуу босгосон гэдэг.
Нутгаас гарч холын аяныг зорих эрчүүд бид заавал аав чулуунд очиж ерөөл хүсдэг бөгөөд ингэхдээ заавал ааваа хүү нь эргэж ирнээ хэмээн амладаг болсон билээ.
Би нутгаасаа гараад 17 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд аав чулуу минь хүүгээ ирэхийг хүлээсээр л хээр талын догшин салхинд элэгдэн дүнхийн байгаа байх даа.
Сэтгэгдэл үлдээх