Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг арваннэгдүгээр сарын 08-15-ны өдрүүдэд Байгаль орчин аялал жуулчлалын яам Улаанбаатар хотноо зохион байгуулж буй. Өнөөдөр цуулган "Цөлжилт, газрын доройтол" сэдвийн хүрээнд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар: Ой салбар 1990 оноос хойш уналттай байна. Энэ салбарын үйл ажиллагаа хаягдаж, дагаад бүтэц зохион байгуулалт нь тодорхой бус явж ирсэн. Үүнийгээ дагаад Монголд ойн салбар гэдэг томоохон салбар гээгдсэн салбар болж орхигдсон байна гэж бид үзсэн. Ийм учраас энэ салбарын чадавхыг сайжруулах, байгаль орчны нэг салбараар дамжуулж байгаль экологийн тэнцвэрийг хангах зайлшгүй шаардлага үүсч байна. Тийм учраас хамгийн түрүүнд бүтэц зохион байгуулалтыг анхаарч ойн агентлаг байгуулж, 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлж ажиллана.
Үндэсний чадавх энэ салбарт дутагдалтай байна. Бид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, 10 жилд тарьж, ургуулахын тулд нэг жилд дор хаяж 100 сая модыг тарих зорилт дэвшигдэж байгаа. Өнөөдөр Монголд зуун сая модны үр суулгац алга байна. Мэргэжлийн байгууллагуудын гаргасан тоогоор энэ жил 9,2 сая үр суулгац бэлдсэн гэсэн. Тийм учраас бид үр суулгацыг 10 дахин нэмэгдүүлэх шаардлага үүсч байна. Ингэхийн тулд эхний гурван жилд үндэсний чадахыг бэхжүүлж, ААН-үүдийг чадавхтай болгох дотооддоо жилд 100 сая мод тарих нь энэ салбарын томоохон зорилт юм.
Амьдралын эх ус. Усны эх мод. Усгүй бол мод ургахгүй. Тийм учраас эхний жил бэлэн байгалийн усны нөөцийг түшиглэх шаардлага бий болж байгаа. Ямар усжуулалтын системүүдийг ашиглах вэ гэдэг асуудал энэ хүрээнд яригдаж байна. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БОАЖЯ-ны усны газар, усны судалгааны байгууллагууд, холбогдох байгууллагууд ажиллаж харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Мөн хөрс үйлдвэрлэлийн асуудлууд байна. Ихэнх нь Монголд үйлдвэрлэгддэггүй. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дагаад гадагшаа мөнгө урсаж болохгүй. Тийм учраас дотоод үйлдвэрлэлүүдээ дэмжих хэрэгтэй гэж үзэж байна” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх