Энхийн цагт цэргийн алба хааж байгаа цэрэг эрс амь насаа алдаж, тахир дутуу болж байгаа харамсалтай тохиолдол шил шилээ даран гарч байгаатай холбоотойгоор өчигдөр орой "Армид ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?" сэдвийн хүрээнд Clubhouse-ын "Иргэний цахим танхим” өрөөнд боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын арми дэлхий нийтийн хөгжлөөс хоцрогдсон, орчин үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй, цэргүүдээ шоронд байгаа мэт хорьж, дарамталдаг, зодож дарамталдаг, цаашлаад цэргүүд амь насаараа хохирох тохиолдол тасрахгүй байгааг зохион байгуулагчид онцлоод дэлхийн бусад улсад цэрэг армийн хөгжил ямар байдаг, хэрхэн алба хаадаг талаар сонирхолтой баримтыг ярилцсан юм.Энэ үеэр зочин илтгэгч болох Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар найман жил ажилласан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цэрэг, армийн шинэчлэлийн талаарх бодол, сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр ах дүү наймуулаа бүгд цэргийн алба хаасан. Өөрөө ОХУ-д цэргийн сургууль төгссөн учраас цэрэг, армийн сэдэв өөрт нь ойр байдгийг хэлээд "Цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэрэг байсан учраас аравдугаар ангиа төгсөөд цэргийн албанд татагдсан" гэлээ. ЗХУ-д Цэргийн дээд сургуульд тухайн үеийн олон шалгуур үзүүлэлтийг хангаж, таван жил суралцаж төгссөн учраас цэргийн амьдралын жаргал, зовлонг биеэрээ туулснаа ярьсан юм. Түүний хэлснээс онцлох санаа, оноог түүвэрлэн хүргэе.Тэрбээр “Армид цэргийн амь нас гэдэг хүний эрх талаасаа чухал үзүүлэлт. Тиймээс сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудын зэвсэг нь зэвсэгтэйгээ тулалддаг болчихсон байна.
Энэ үед зэвсэг, техникээ сайжруулах үзэл баримтлал руу дэлхий даяараа явж байна. Тиймээс бид бүгдээрээ ч бас өөрчлөгдье.Эн тэргүүнд цэргийн тухай ойлголтоо өөрчлөх хэрэгтэй. Хамгийн хэцүү нь сэтгэлгээний өөрчлөлт. Улс орноо улс төрийн, эдийн засгийн, соёл, нийгмийн хувьд өөрчилж болно. Гэтэл өнөөх уламжлал болсон социалист сэтгэлгээ, социалист цэрэг гэх ойлголт биднээс огтхон ч салаагүй байна. 1980-1990 оны үед цэргийн дүрэм журам, цэргийн дэг гэдэг зүйлээр солигдчихсон байсан. Хамгийн бүдүүлэг, бусдыг дарангуйлж, сахилга, журмыг хэрэгжүүлдэг хүй нэгдлийн үеийн сэтгэлгээн дээрээ үлдсэн байсан. Гэтэл өнөөдөр дэлхий нийтээрээ технологийн эрин зуунд амьдарч байна. Энэ асуудал ганцхан бидэнд тулгарсан бэрхшээл биш. Олон улс оронд тулгамдаж байна. Тиймээс гурван жил, таван жил байсан цэргийн албын хугацааг өөрчилж байсан. Аливаа зүйлийн өөрчлөлт хэлэлцүүлэгт үндэслэж байх учиртай. Ялзарсан, удсан, дарагдсан асуудлууд удах тусмаа үрэвсдэг. Тиймээс асуудал байвал түүнийгээ ярьж байгаа нь маш чухал. Хугацаат цэргийн алба гурван жил байсныг нэг жил болгож, энгийн хүн Батлан хамгаалахын сайдаар ажиллах боломжийг бүрдүүлсэн. Цаашилбал, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хуулиар ялгаж өгсөн.
Зэвсэгт хүчний Жанжин штабыг мэргэжлийн цэргийн хүн удирддаг. Харин батлан хамгаалах гэдэг улс орны бодлогын асуудал учраас улс төрийн албан тушаалтан байж болох томоохон өөрчлөлтийг хуульд тусгасан. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаар ажиллаж байхдаа 10 гаруй хуулийг шинэчлэн баталсан.
Улс орон нэг өглөө бөмбөгдөлтөд өртвөл яах вэ. Харийн цэрэг ороод ирвэл хэдэн танк, цэрэг хаана байх вэ, гүзээтэй генералууд байлдаж чадах уу.Ингээд асуудал үүснэ
Эдгээр хуулиар Монголын армийг нээлттэй болгоё. Зөвлөлтийн загвараас дэвшилттэй яваа, авч ашиглаж болох нээлттэй боломжуудыг оруулж ирэх үүд хаалгыг нээж өгсөн. Хуулийг нь баталсан ч түүнийг барьж хэрэгжүүлэх хүмүүс өнөөгийн Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбар, анги нэгтгэлийг удирдаж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд Зөвлөлт Орос улсын сэтгэлгээ гүн бат үлдчихсэн бол явахгүй. Тиймээс гаднын аль нэг улстай солилцоонд ороод ирвэл харах өнцөг нь өөрчлөгдөх байх. Гэтэл байрнаасаа, буйрнаасаа хөдлөхгүй байгаа хүмүүс бүхнийг удирдаж анги нэгтгэл, ажилчдын хувь заяанд нөлөөлж байна. Монголын арми залуусын тэмүүлдэг газар байна уу, зугтдаг газар байна уу гэдгийг одоо дүгнэх ёстой цаг.
Монгол Улс армитай байх ёстой гэдгийг Үндсэн хуулиараа шийдчихсэн. Газарзүйн байрлал болоод хоёр том хөрштэйн хувьд Монгол Улс зэвсэгт хүчинтэй байхаас өөр сонголтгүй. Тиймээс армитай байх гэдэгт маргахаас илүү одоо байгаа арми, зэвсэгт хүчиндээ ямар өөрчлөлтийг ямар байдлаар хийх вэ гэдгийг хаа хаанаа бодох, хэлэлцүүлэг, шинэчлэл хийх ёстой.
Өнөө үед мэдлэг, мэдээллийг олж авах хуваалцах боломж хамгийн өндөр түвшинд байна. Орчин үеийн армид очиж байгаа залуус өөр болох ёстой. Энэ түвшинд бид армиа шинэчлэхгүй бол цаашид ямар ч өөрчлөлт ярих шаардлагагүй. Өөрчлөлт өмнө нь явж байсан. Одоо ч яваа. Цэрэг удаа дараа амь насаа алдаж байгаа нь өөрчлөх цаг болсны дохио. Хэрэв Монголын арми Укрианы арми шиг шалгалтад, туршилтад орвол яах вэ. Улс орон нэг өглөө бөмбөгдөлтөд өртвөл яах вэ. Харийн цэрэг ороод ирвэл хэдэн танк, цэрэг хаана байх вэ, гүзээтэй генералууд байлдаж чадах уу. Ингээд асуудал үүснэ. Тиймээс хаалттай, муу байгаад дотроо бүр ялзрах уу, эсвэл агаар оруулж, салхи сэвэлзүүлж хууль, дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах уу гэдэг асуудал Монголын армийн өмнө тулаад ирчихсэн байна, ярих цаг ч болсон байна.
Тиймээс арми хамгийн түрүүнд бүх үүд хаалгаа нээх хэрэгтэй. Цэргийн анги руу ороод харахаар заалыг нь хөгц идчихсэн, цонхны шилийг нь гялгар цаасаар битүүлчихсэн байна. Намайг 1980 онд цэргийн алба хааж байхад байсан цэргийн ангийн дүр төрх дээр гацчихсан, царцчихсан мэт дүр зураг харагдаж байна. Арми яах гэж байгаа юм. Монголын ард түмний сайн сайхны төлөө байгаа юм. Тийм юм бол тухайн цэргийн ангид хүүгээ мордуулсан аав, ээж, ах дүү тэр ангийн хаалгаар цэргийн ангийн хаалгаар чөлөөтэй ордог болгочих. Хэдэн тооны хүүхэд авч ирээд шоронд байгаа мэт хаалттай байж болохгүй. Ийм хэлбэрээр Монголын арми явж болохгүй. Үүд хаалгаа нээгээд нийгэм рүүгээ орчихвол арми сайн сайхан харагдана. Армийн сайн сайхныг гаднаас дайсан орж ирэхээр үзэх юм уу. Дэлхий нийтээрээ бүх цэргээ гар утастай болгож байна. Олон янзын программ суулгаж гар утсаараа удирдаж байна. Гар утсаараа үзэл суртлаа ч хангаж байна, электрон дайнд ч бэлдэж байна. Монголын арми түүн рүү явах ёстой.
Бидэнд ганц буу ч авах чадал байхгүй. Тиймээс цэргийн сургуулиудаа дэлхийд хамгийн өндөр түвшний сургалттай ижил хөтөлбөрөөр бэлдэх шаардлагатай байна
Эрх чөлөөт үзэл санааг дээд зэргээр ойлгодог арми, техникийн дэвшлийн манлайлагч, эрүүл хүчтэй, иргэдийг бэлтгэдэг нийгмийн сургалтын төв нь байгаасай. Ингэж чадвал арми, цэрэгтээ ард түмэн улам хайртай болно. Эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол явахгүй нь ээ. Цоо шинэ систем суулгаж өгөх хэрэгтэй.
Угтаа оюутан цэрэг хөтөлбөрийн зорилго нь заавал бүтэн жил цэргийн алба хаах биш гурван сарын хугацаанд цэргийн анги, цэрэг хүний амьдралаас бага багаар амталж, юм юмны зах, үнэ цэнийг ойлгоод төлөвших ийм учиртай, зорилготой. Бусад газар байгаа хамгийн сайн дүрэм журам, цэргийн сургалтыг оруулаад ирэх хэрэгтэй. Бид зэвсэг, техник гаднаас авах гэхээр зарим улс орнууд дургүйлэх нь. Бидэнд ганц буу ч авах чадал байхгүй. Тиймээс цэргийн сургуулиудаа дэлхийд хамгийн өндөр түвшний сургалттай ижил хөтөлбөрөөр бэлдэх шаардлагатай байна. Зарим нэг зүйлд ОХУ-ын дарамтаас гарахын тулд зөрөх ёстой бол зөрөх ёстой. Монголын цэрэг, арми гэдэг бие даасан хэмжээнд оччихвол жинхэнэ тусгаар улс болно. Энэ хэмжээнд цэрэг армиа өөрчилбөл тэнд бие биеэ зодох, стресс бухимдалд орчихсон ахлагч нар бухимдлаа гаргадаг ийм хачин системийг халах цаг хаяанд ирсэн” гэлээ.
Сэтгэгдэл үлдээх