АНУ-ын Конгресс “COVID-19” -ийн цар тахлын шалтгааныг шалгаж дуусжээ

АНУ-ын 1.1 сая иргэний амь насыг авч одсон “COVID-19” цар тахал дэгдэх болсны шалтгааныг тус улсын Конгресс шалгаж дуусжээ. 520 хуудас бүхий тайланг цар тахлын нөхцөл байдлыг судалсан Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт тавих, хариуцлага тооцох асуудал эрхэлсэн хорооны дэд хороо танилцуулсан байна.

Конгрессын гишүүд хоёр жил явуулсан шалгалтын дүнд "вирус лабораториос алдагдсан байх магадлалтай" гэсэн дүгнэлтийг хийжээ. Тайланд мөн Холбооны улсын түвшинд болон муж улсуудын түвшинд хэрэгжүүлсэн цар тахалтай тэмцэх арга хэмжээнүүд, мөн ковидын вакцинуудын үйлчлэлд хийсэн дүн шинжилгээг хавсаргасан байна.   

“Энэхүү шалгалт нь дахин дэгдэж болзошгүй цар тахлыг урьдчилан таамаглах, түүнд бэлтгэх, хамгаалах, урьдчилан сэргийлэхэд АНУ болон дэлхийн улс орнуудад тусална" гэж дээрх хорооны дарга Брэд Венструп Конгресст илгээсэн захидалдаа онцолжээ.