Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар томилж байв. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд 2025 оны арваннэгдүгээр сард дуусгавар болох ба жил гаруйн хугацаа үлдээд буй юм. Банк, санхүүгийн салбарыг атгаж байгаа тэрбээр өнгөрсөн хугацаанд хариуцлагатай ажиллаж чадсан уу гэвэл даанч үгүй. Тиймдээ ч байнга шүүмжлэлд өртөн, хууль бус ажиллагааг нь баримтаар гарган ирж хуулийн байгууллагад шалгуулахаар ханддаг ч тэгсхийгээд намждаг. Огцруулах тухай үе үе хөнддөг ч мөн л замхардаг. Ийм байдалтайгаар өнгөрсөн он жилийг үдсэн ч өдгөө бүр идээ, бээр нь ил болж, банк, санхүүгийн салбар нуран уналаа. Тухайлбал, ЭЦГ саяхан мөрийтэй тоглоом зохион байгуулдаг бүлэглэлийг илрүүлэн саатуулан шалгаж эхэлсэн. Хамгийн ноцтой нь, хууль бусаар мөрийтэй тоглоом тоглож, зохион байгуулсан байж болзошгүй хэрэгт нэр бүхий арилжааны банкуудын ажилтнууд, Монголбанкны удирдах ажилтан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ажилтнууд холбогдсон. ЦЕГ энэ талаар “Нэр бүхий банкны ажилтан, төрийн байгууллагын албан хаагчид хамтарч мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна” гэлээ.
Түүнчлэн мөрийтэй тоглоом тоглохоос гадна банкны ажилтнууд Улсын бүртгэлийн албан хаагчидтай хамтран харилцагчдын мэдээллийг авч, мэдээллийн санд байршуулан, хадгаламжийн мөнгийг нь цахимаар авч, дур мэдэн зарцуулдаг байж болзошгүй ноцтой нөхцөл байдал илэрсэн. Монголбанк арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Энэхүү үүргээ умартсанаас арилжааны банкууд иргэдийн хадгаламж руу дур мэдэн гар дүрэх болж, эцэстээ мөрийтэй тоглоомын бүлэглэлийн золиос болголоо. Өмнө нь ч Б.Лхагвасүрэнгийн хууль бус даварсан үйлдлийг улстөрчид шүүмжлэн, огцруулах асуудлыг хөнддөг ч газар авдаггүй байлаа. Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан Монголбанкны удирдлагуудыг арилжааны банкуудтай эрх ашгийн зөрчилтэй гэж үзэн АТГ-т шалгуулна гэдгээ мэдэгдэж байв. Тэрбээр өөрийн албан ёсны цахим хуудсаараа “Банк санхүү, эдийн засгийн салбарын амь тасардаггүй алуурчид айдасгүй байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 170 тэрбум төгрөгийг арилжааны банкуудтай үгсэн,хууль бусаар ашиглаж, мөнгө угаах болон санхүүгийн гэмт хэрэг үйлдэж, инфляц, төгрөгийн ханшийг барьж чадалгүй алдсан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулж, хуулийн дагуу шалгах ёстой.
Албан тушаалтнууд журам өөрчилж, хууль зөрчиж байгаад ядарсан иргэдийнхээ төлсөн зээлийн эргэн төлөлтөөс 400 тэрбум төгрөг хулгайлж, завшчихаад чимээгүй яваад байж болоод байдаг. Гэтэл нөгөө талд нь хэдэн үеэ барьцаалж арай хийн байртай болчихоод дээр нь хуруу хумсаа хугаслан, өдөр шөнөгүй зүтгэж олсон хэдээ Ипотекийн зээлийн төлбөрт сар бүр төлдөг ч багагүй хувь нь хулгайн сүлжээг тэжээдэг.
Хийсэн хулгай, дээрмээсээ айдаггүй, хуулиас ч эмээдэггүй, ард түмний хэтэвчээс эхлээд айл өрхийн данс, аж ахуйн нэгжийн бизнес, улс орны сан хөмрөгт хүртэл шуналын савраа дүрсэн дээрэмчдийн мэргэшсэн сүлжээг ил гаргаж, нэг мөр цэвэрлэж байж Засгийн газрын авилгатай тэмцэх, нийгэмд эрх тэгш, шударга ёсийг тогтоох бодлого бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ" гэж байлаа. Энэ салбарт хулгай аль эртнээс нүүрлэснийг, бүхэл бүтэн хулгайн сүлжээ бий болсныг ийнхүү илчилж байлаа. Харамсалтай нь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг АТГ эл баримт нотолгоотой хэрэгт холбогдуулан шалгасан эсэх нь тодорхойгүй явж ирлээ. Хамгийн сүүлд гэхэд л Хөгжлийн банкнаас зээл авч казино тоглосон "Бэрэн" групптэй түүний нэр холбогдсон бөгөөд яллагдагчаар татан шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч мөн тэгсхийгээд намжсан. Харин энэ удаад арилжааны банкууд дуртай цагтаа,дуртай үедээ иргэдийн данснаас их хэмжээний мөнгө авч мөрийтэй тоглоом зохион байгуулдаг даварсан үйлдэлд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулах ч багадна. УИХ-ын дарга эл ноцтой асуудлыг анхааралдаа авч, арга хэмжээ авна гэдэгт найдъя.